Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо, хяналтгүйгээр захиран зарцуулсан байдаг. Энэ мэт Баянзүрх дүүргийн хөрөнгийг Баянзүрх дүүргийн удирдлагууд хэрхэн шамшигдуулсан талаархи баримтуудыг Баянзүрх дүүргийн МАН-ын төлөөлөл олон нийтэд дэлгэж, Улсын Ерөнхий прокурорт хүргүүллээ.
Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар Баянзүрх дүүрэгт хийсэн шалгалтаар гурван жил дарааллан төсвийн хөрөнгийг хэдэн тэрбумаар зориулалтын бусаар ашигласан зөрчил илэрсэн. Үүний дагуу тухайн үед Сангийн яамнаас давхар шалгалт хийж, аудитын дүгнэлтийг баталгаажуулсан байдаг.
Гэвч АТГ, Шүүх, прокуророос эдгээр дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй юм. Харин одоо хуулийн байгууллагуудын удирдлагууд бүрэн солигдсон учир дахин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуулийн байгууллагуудад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргаж байна.
Мөн Баянзүрх дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан гэж бий. Хороо бүрт олгогдддог 100 сая төгрөг эгэл жижиг дунд үйлдвэрчинд хаалттай байна. Мөн 28 хорооны хэмжээнд халамжийн бодлогоор олгогдож байгаа хөрөнгө Хороон Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үзэмжээр хуваарилагдаж байгаа.
Түүнчлэн 2016 онд дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газрыг хувийн компанид хамтран ажиллах гэрээ нэрээр олгож байгаа асуудал нь хуульд нийцэж байгаа эсэх зэрэг олон асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах нь зүйтэй гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаагаа хэлж байлаа.