УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа өнөөдөр (2019.04.15) гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч санал оруулсныг бүлгийн хурлаар олонх нь дэмжжээ.
Дараагийн хэлэлцсэн асуудал бол Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хуулийн концевцид бага зэрэг өөрчлөлт оруулж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авахгүй байхаар хэлэлцэж дэмжсэн. Нөгөө талдаа уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна.
Хуралдааны үеэр “мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авах гэж байна” гэж гишүүд шүүмжлэлтэй хандсан аж. МАА, газар тариалангийн салбар нийт усны хэрэглээний 51 хувийг эзэлж байгаа ч татвар нэмэгдүүлэхгүй гэдэг үүднээс энэ заалтыг хасчээ. Харин уул уурхайн салбар усыг хэрхэн бохирдуулж байгаа хэмжээгээр нь төлбөрийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Удаах асуудал нь УИХ-ын дэгийн тухай хуул хуулийн төсөл байв. Ажлын хэсэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах саналаа илтгэсэн бөгөөд УИХ-д өргөн барихаас өмнө энэ талаар бүлгийн гишүүд хэлэлцэж, зарчмын хувьд гишүүдийн саналыг тусгаад дэмжжээ. Тухайлбал, УИХ дэгийн хороотой болж, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах нэлээд хэдэн заалт оруулж байгаа юм байна. Мөн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлж, асуулт асууна. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчилж өгөх гэх мэт заалтуудыг оруулах аж.
Сэтгүүлчдийн зүгээс асуусан Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуултад хариулахдаа “Үндсэн хуулинд УИХ-ын 57 гишүүн дэмжиж байж өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн асуудлыг цаашид нэлээд хэдэн удаа хэлэлцэнэ” гэв.