Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор “Мөсөн өргөө” спортын ордны шав тавих ёслол өчигдөр (2019.04.14) Шинэ Яармаг хороололд болсон юм. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцов.
Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.
Энэхүү ордонг:
-5700 м.кв ашиглалтын талбайтай,
-2600 хүртэлх үзэгчийн суудалтай,
-Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
-Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
-Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.
Энэхүү төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон улсын хоккейн холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулсан байна.
“Мөсөн өргөө” ордонд:
– Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
– Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Тус ордон нь 2600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм байна.
Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах ба мөн оны наймдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.