Дунд сургуулиа төгсөнө гэдэг амьдралын чухал бөгөөд сэтгэл догдлуулам мөч. Их сургууль, коллежид орох бэлтгэл хийнэ гэдэг энэ үеийн хамгийн чухал асуудлын нэг билээ.
17 настай Жакелия Бейкер АНУ-ын Жоржия муж, Огаста хотын дунд сургуулийг төгсөж байна. Сургууль нь энэ охиноор маш их бахархдаг. Тэрбээр зөвхөн онц сураад зогсохгүй таван төрлийн спортоор хичээллэдэг. Сурагч охин волейбол, сагсан бөмбөг, гольф, теннис, хөлбөмбөг тоглодог. Гаргасан амжилтаар нь гэвэл баргийн хөвгүүд атаархахаар аж.
Үүнээс гадна Жакелия сурагчийн зөвлөлд ажилладаг, мөн марш оркестрт тоглож, математикийн дугуйланд хичээллэдэг. Ийм хөдөлмөрч, шаргуу, дайчин зангийнхаа үр дүнд 64 их сургуульд өргөдөл өгснөөс 50-иас нь уриалга авчээ. Тухайлбал алдарт Пенсильвани мужийн их сургууль, Мичиганы их сургуулиас хүртэл урилга хүлээн авсан байна. Харин түүний тэтгэлгийн хэмжээг тооцвол 1 сая гаруй доллар болно.
Тэрбээр ийм амжилтад хүрэхийн тулд хэсэг хугацаанд найз нөхөдтэйгөө харьцаагаа тасалсан гэнэ. Гэхдээ тэр ийм амаргүй замыг туулсандаа харамсдаггүй. Бусад сурагчийг ч зогсолтгүй хичээллэж, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч бууж өгөхгүй байхыг уриалж байна. Түүнчлэн Жакелия бүхий л үед өөрийг нь дэмждэг байсан ээж, армийн дайчин Дениз Бейкертээ маш их баярлаж явдаг гэжээ.
Жакелия “Би найзуудтайгаа зугаалж цэнгэх, үдэшлэгт явахаа зогсоохоос өөр аргагүй болсон. Гэхдээ энэ нь миний өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлсэн. Үнэнийг хэлэхэд би зорилгодоо хүрнэ гэж огт итгэж байгаагүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Life.ru