С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын санд харилцахын үлдэгдэл нэртэй их хэмжээний хяналтгүй мөнгө бол байсан

“Капитал” банк дампуурсан явдалд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Алтжин группын захирал Г.Алтан нар буруутгагдаж байна. Үүнээс гадна Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С Эрдэнэ ч буруутгагдаж эхэллээ. Энэ талаар С.Эрдэнэ мэдээлэл хийж, хэвлэлийнхний асуултад хариуллаа.

С.Эрдэнэ: “Капитал” банк дампуурсантай холбогдуулж түүнийг санхүүгийн чадамжгүй банкинд Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум төгрөгийг байршуулсан гэж буруутгаад байгаа. Түүгээр зогсохгүй, энэ мөнгөнөөс сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэж ярьж бичиж байгаа юм. Тэрээр,

Нийгмийн даатгалын мөнгө бол төсвийн бүрэлдэхүүн. УИХ-аар батлагддаг. Өнөөдөр Нийгмийн даатгалын сан Сангийн яамны Төрийн сан дээр байршдаг. Тухайн үед намайг байхад Хүн амын хөгжлийн яам гэж байсан. Тэр үед сардаа тэтгэвэрийн мөнгө олгохын тулд тухайн үед 360 мянган ахмад байлаа гэж бодоход хэдэн ахмад нас барсан юм, хэдэн ахмад шинээр тэтгэвэрт гарсан юм гээд бүх тооцооллыг хийгээд Сангийн яаманд өгдөг.

Сангийн яам тэрийг аваад дахин хянаад Төрийн сан руугаа шилжүүлээд Төрийн сан дахиж хянаад, аймаг дүүргийнхээ төрийн сангууд руу тэр мөнгийг шилжүүлдэг. Тэр мөнгө нь Төрийн сангаас тухайн тэтгэвэр тэтгэмж тавьж олгодог холбогдох банкууд руу шилжээд, банкууд нь тэрийг тухайн ахмадын тэтгэвэрийн данс руу хийдэг ийм үйлдэл байдаг.

Үүний дунд хэн нэг нь бэлэн мөнгө гаргах, завших тухай ойлголт бол энд байхгүй.

-Таныг Капитал банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг гэсэн мэдээлэл байгаад байгаа шүү дээ?

-Ер нь намайг анх ажил авч байхад Нийгмийн даатгалын аймаг, дүүргийн хэлтсүүд дээр, харилцах дээр, харилцахын үлдэгдэл нэртэй ямар ч гэрээ хэлцэл байхгүй, хяналт байхгүй маш их хэмжээний мөнгө бол байсан.

Тэрийг бүгдийг дотоод хяналтын шугамаар, бүх аймаг дүүрэг дээр байсан харилцахын үлдэгдлийг татан төвлөрүүлээд, ингээд тодорхой арилжааны банкуудтай гэрээ байгуулаад, тодорхой хүү тохироод… Гэхдээ тэрийг ганцаараа шийдэхгүй шүү дээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гурван талын оролцоотой, дээр нь Сангийн яам, Монгол банктай зөвшилцөөд энэ мөнгийг байршуулж байсан. Ийм тохиолдол бий.

Ер нь бол миний өмнөх хүмүүс тодорхой хэмжээнд мөнгө байршуулаад хүүгийн ашиг олдог байсан. Ер нь бол Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг бол банкинд байршуулах замаар тэр хүүгээр л өсгөх боломжтой. Өөр боломж байхгүй.

Уг нь энэ мөнгө бол хадгаламжийн мөнгө. Бусад улс оронд бол маш том хөрөнгө оруулалт хийдэг. Эргээд тэр сангийнх нь мөнгө өсч арвижиж байдаг. Ийм л зорилттой мөнгө байх ёстой юм. Манайд бол төсвийн цоорхой бөглөөд төсөвт зарцуулаад явчихдаг.

Өнөөдөр жишээ нь тэтгэврийн даатгалын санд мөнгө байхгүй гэж байна. Угаасаа мөнгө байгаагүй байхгүй юу. 1995 онд Нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд Нийгмийн даатгалын сан ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр нийгмийн даатгалд хураасан мөнгөөр өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдийн мөнгийг тавьж олгоод, шимтгэл төлсөн иргэд дээр болохоороо бичилт хийгээд явдаг. Одоо болтол энэ зарчмаар явж байгаа шүү дээ.

Тэгэхэд Тэтгэврийн даатгалын сан дээр бол ямар нэгэн хуримтлал бол байхгүй. Засгийн газрын 2020 он хүртэлх стратеги төлөвлөлт нь юу гэж байсан бэ гэхээр 2015 он гэхэд Нийгмийн даатгалын сангийн Тэтгэврийн даатгалын сан дээр байгаа хуримтлалыг хагас хуримтлалын хэлбэрт шилжүүлнэ.

Тэрийг бол өөрийн чинь нэрийн дансан дээр 1 сая төгрөг байлаа гэхэд 500 мянгыг нь бодит мөнгөн хуримтлал болгоод, 500 мянгыг нь бичилтээр хийгээд явна гэсэн үг. 2021 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр ийм төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь 2015 онд Ирээдүйн өв сангийн тухай хууль батлуулаад Ипотекийн зээлээс орж ирсэн 3.5 их наяд төгрөгийг энэ Ирээдүйн өв сангийн хуулийн дагуу Ирээдүйн өв санд байршуулсан.

Энэ бол маш том алхам байсан. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхний алхам байсан. Харамсалтай нь 2016 онд одоогийн эрх баригчид гарч ирээд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгоод, 3.5 их наяд төгрөг хаачсан бүү мэд. Ингээд үрэн таран хийгээд алга болгосон.

Тэгээд одоо юу ярьж байна гэхээр Баялагийн сан гэж яриад байгаа байхгүй юу. Энэ чинь нэр нь л өөр болохоос Ирээдүйн өв сан бол Норвегийн Баялагийн сан, эд нарын яриад байгаа Баялагийн сантай ийм хууль байсан юм аа.

-Сангийн мөнгийг Та Капитал банкинд хадгалж байсан юм биш үү? 

-Үгүй, Капитал биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгө бол арилжааны бүх банкууд дээр байршдаг шүү дээ, ер нь. Түүнээс аль нэг банкин дээр онцолж байршсан юм бол байхгүй.

Миний хувьд 2008 он хүртэл арилжааны банкуудтай гэрээ хийдэг байсан. 2008 оноос хойш 11 жил нэг ч банктай, нэг ч гэрээ хэлцэл хийгээгүй. Надад хийх эрх зүйн боломж ч байхгүй. Яагаад гэвэл би Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ажлаа өгчихсөн байсан.

 

3 thoughts on “С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын санд харилцахын үлдэгдэл нэртэй их хэмжээний хяналтгүй мөнгө бол байсан

  1. Зочин 2019-04-11 18:11 at 18:11

    Тэгээд ямар мөнгөөрөө тэр олон амралт,дэлгүүрүүдээ авсан бЭ? Охиндоо 18 тэрбумын зээл аваад эргэн төлөөгүй гээ биз дээ?

    Хариулах
  2. зочин 2019-04-12 15:43 at 15:43

    Даатгалын мөнгийг хадгалуулдаг гэсэн үү хадгалуулсан хүүг хэн аваад бга юм

    Хариулах
  3. Нэргүй 2019-04-16 11:51 at 11:51

    Хулгайчаас очиж асуугаад байхдаа яадаг юм. өөрийгөөө л өмөөрсөн юм ярьна шдээ… Хулгай хийсэнг нь бүгд мэдэж байгаа зүгээр л нарийн сайн шалгаад байх ёстой газар руу нь явуул.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн