Японы Засгийн газрын Токио 2020 олимпийн наадмын зохион байгуулалтыг хариуцсан сайд Ёшитака Сакурада өчигдөр албан тушаалаасаа огцрох өргөдөл өгчээ.
Ёшитака Сакурада нэгэн хандивын арга хэмжээнд оролцон үг хэлэхдээ 2011 оны байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгоход хөрөнгө мөнгө зарцуулснаас тус бүсээс сонгогдсон намынхаа улс төрчийг дэмжих нь илүү чухал гэсэн агуулгатай үг хэлсэн байна.
Сайд энэ үгнээсээ болж огцрохоос өөр аргагүй байдалд хүрчээ. Өмнө тэр бодлогогүй хэлсэн үгнээсээ болж хэд хэдэн удаа шүүмжлүүлж байжээ. Тухайлбал хоёрдугаар сард Японы усанд сэлэлтийн залуу одыг өвчин туссанд бухимдаж байгаагаа илэрхийлж, хүмүүсийн дургүйг хүргэжээ.
Мөн Токио 2020 наадмын гол найдваруудын нэг Рикако Ике цус багадах өвчний улмаас хэсэг хугацаанд спортоос холдохоор болсонд бухимдаж, Японы багийн медаль зүүх нэг боломж үгүй болж байна гэж хэлээд маргаан дэгдээж байв.
Улсын кибер аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцдаг Сакурада мөн компьютер огт хэрэглэж үзээгүйгээ ярьж, Японд төдийгүй дэлхий дахинд дуулиан тарьж байлаа.
Сакурадагийн өргөдлийг хүлээж авсан Ерөнхий сайд Шинзо Абэ түүний хэлсэн үгний төлөө уучлал гуйснаас гадна сайдын албан тушаалд томилох шийдвэр гаргаж байсандаа олон нийтээс уучлал гуйжээ. Тэр “Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийн талаар түүний хэлсэн үгний төлөө би гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
1 comment
Манайд л шүлсээ үсчүүлээд загнаад байхад алгаа ташаад доромжлуулаад баярлаад сууж байдаг бололтой