БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгаж байгааг иргэд мэдээлж, тэдний гомдлоор БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нарын албаныхан хэргийн газар дээр очиж танилцаж байдаг.
Гэвч “М Си Эс” компани цахим хуудсаараа дамжуулан асгарсан усаа “бохирдолгүй” хэмээн тайлбарлаж байгаа учраас Өнөөдөр сонин БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлээс доорх зүйлийг тодруулсан байна.
–Өнгөрсөн хугацаанд “АСЕМ вилла” болон “Скай Резорт”-ын бохир Туул гол руу цутгаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд түгсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас АСЕМ вилла орчимд шалгалт хийсэн гэлээ. Шинжилгээний хариу гарсан уу?
-МХЕГ-аас ажлын хэсэг гарч, газар дээр нь очоод бохирдол үүссэн тодорхой байршлуудаас дээж авсан. Шинжилгээний хариу нь бохирдолтой гарсан. Уснаас дээж авч шинжлэхэд гэдэсний савханцар үүсгэгч бактери илэрсэн. Мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргачихаад байхад “М Си Эс”-ийнхан “бохирдолгүй, цэвэр ус” гэж тайлбарлаад байгаа.
-“М Си Эс”-ийнхэн усыг бохирдолгүй гэдгийг яаж батлаад байна. Мэргэжлийн хяналтаас өөр шинжилгээний байгууллага очиж шалгалт хийсэн үү?
-Тэдний тайлбарт би эргэлзэж байна. Учир нь орчны шинжилгээг мэргэжлийн хяналтаас өөр байгууллага хийдэггүй. Бүх зүйл тодорхой болчихоод байхад тэд “энэ бол цэвэр ус, манайх жижиг алдаа гаргасан” гэх мэтээр өөрсдийгөө хамгаалаад гүрийгээд байгаа. Туул гол руу бохироо цутгаад, дархан цаазат байгалийг бохирдуулна гэдэг нь жижиг алдаа биш. Тэд цахим хуудсаараа дамжуулан “Дэмбэрэл гэдэг хүн бидний нэр төрд халдаж байгаад бид гүнээ харамсаж байна” гэх мэтээр өөрсдийгөө хамгаалж байна.
-Мэргэжлийн хяналтаас тус байгууллагад ямар нэгэн хариуцлага тооцсон уу?
-Намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд газар дээр дахин очиж ажилласныхаа дараа тус компанид шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ МХЕГ-аас “М Си Эс”-ийг таван сая төгрөг, зориулалтын бус газар хог хаясан учраас 300.000 төгрөг, Богд хан уулын Дархан цаазат газраас дахин таван сая төгрөгийн торгууль тус тус оногдуулсан байна лээ.
-Бохироо тухайн компани өөрсдөө цэвэрлүүлсэн үү?
-МХЕГ-аас тус компанид “бохирдсон, мөстсөн бохироо цэвэрлэ” гэсэн хугацаатай шаардлага хүргүүлсний дараа л цэвэрлэсэн. Гэтэл цэвэрлэсэн бохироо зориулалтын хогийн цэг дээр устгалд оруулах ёстой байтал буцаагаад Богд хан уулын “Цанын бааз”-ын зүүн талын дархан цаазтай газар асгачихсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг дахин бохирдуулсан. Энэ үйлдлийг нь бид илрүүлээд дахин шаардлага тавьж цэвэрлүүлсэн. Харин худгуудынхаа эргэн тойронд хаясан бохироо хагас дутуу цэвэрлэсэн байна лээ.
МХЕГ-ын лабораторийн шинжилгээний хариу
Эх сурвалж: Өнөөдөр сонин