Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас улирал тутам шинэ ажил санаачлан зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны нэгдүгээр улиралд “Нийтийн байр”, “Аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан гурвалсан гэрээ”, “Ломбард” гэсэн арга хэмжээнүүдийг дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулжээ.
Тухайлбал, нийтийн байр арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийхэд, хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо нэлээд өсөх хандлагатай байгаа аж. Тэдгээр иргэд Улаанбаатарт ирээд оршин суух тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэх байдлаар амьдарч, шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлдэж байгаа байдал тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор шалгалт явуулжээ.
Нийслэлд нийт 649 аж ахуйн нэгж байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнес явуулдаг байна. Үүнээс зөвшөөрөлтэй, гэрээ байгуулан ажиллаж байгаа 195, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 454 аж ахуйн нэгж байгууллага байгаа аж. Мөн 317 аж ахуйн нэгж хяналтын камергүй, 183 нь камертай байна.
Ингээд шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг олж тогтоожээ. Гэхдээ 140 оргодлын талаар олон нийтэд зарлах боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.