Монголбанкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дараахь шийдвэрийг гаргажээ.
Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өгсөн байна. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцлийг бүрдүүлэх аж.
“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа. Тус банкинд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болжээ. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-гаас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР