“Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр (2019.04.08) худалдаа эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар болон цуглаан зохион байгуулах гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын худалдааны салбарт 204 мянган хүн ажиллаж байна. Үүний 70 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд энэ салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байдаггүй. Ялангуяа дунд болон дундаас доош хүчин чадалтай жижиг худалдаачдад нэлээдгүй бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна. Хоёрдугаарт, бидэнд хууль эрх зүйн орчин алга. Тухайлбал, 204 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн хууль бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн амьдралд нийцдэггүй хэрнээ маш өндөр шалгуур тавьсан Тамхины тухай хуулийг эсэргүүцэж, тус хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж 11 мянган хүн гарын үсгээ зураад байна.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр МЖХЭХ ТББ-ынхан “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор цуглаан хийнэ. Жагсаал цуглаан гэхээр төр нийгмийнхээ эсрэг тэрсэлж, тэднийг буруутгаж байгаа мэтээр Монголчууд ойлгодог. Харин худалдаа эрхлэгчид бол төртэйгөө хамтарч, ЖДҮХС-аас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм” гэв.
Харин Худалдаа эрхлэгчдийг төлөөлж тус хэвлэлийн хуралд оролцсон н.Цэцэгмаа, “Би жижиглэн худалдаа эрхлээд 32 жил болж байна. Худалдааны мэргэжилтэй. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бол ямар ч амьдралд нийцэхгүй хууль юм. Жишээ нь, Долоон буудлын замын зүүн талын хэсэг Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Гэтэл замын баруун талд Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Зэргэлдээ хоёр дэлгүүр өөр өөр дүүрэгт хамаарч, нэг нь тамхи зарж болж байхад нөгөө нь тамхи худалдаалах боломжгүй байна. Энэ байдлыг өөрчилж, бидэнд боломжийг харж, зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм” гэлээ.
Хэвлэлийн хурлын дараа зохион байгуулагчдаас зарим зүйлийг тодрууллаа.
–Та Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоогоо танилцуулахгүй юу?
-Манай холбоо 2010 онд байгуулагдсан. Бусад холбоодынхоо адил хөгжихөд их хэцүү байлаа. Ингээд 2015 оноос үйл ажиллагаа бүрэн жигдрээд эрчимтэй болсон байгаа. Яагаад вэ гэхээр дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад нөөц бололцоог ашиглаж эхэлсэн юм. Тийм учраас дээрх Япон улсын хүмүүстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл солилцож ажилласан байгаа. Тэгээд бид нар гадны туршлагад тулгуурлан төрийн бус байгууллагууд аль ч улсад хүчтэй юм байна гэдгийн мэдсэн. Жижиглэн худалдааг хөгжүүлэхэд төрийн бус байгууллага их үүрэг гүйцэтгэх юм гэдэг мэдлэг авч, тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Гол нь энэ. Манай гишүүнчлэлийн хувьд мянга гаруй хүн байгаа. Бид нар аль болох сургалт явуулаад өнгөрөх юм уу эсвэл хураамж авдаг байдлаас татгалзаж байна.
-Жижиглэн худалдаа эрхлэгчид гэхээр ямар чиглэлийн үйлчилгээ явуулдаг иргэд хамрагдах вэ?
-500 метрээс доош талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг бүх иргэд хамаарна. Лангуу ч бас хамаарна. Бид нар бүх худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө л зүтгэж байгаа.
-Энэ удаагийн цуглаанаараа юуг хэлэхийг зорьж банйа вэ. Худалдаачдын эрх ашгийн төлөө хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ажил юу байна вэ?
-Нийтдээ нэн тулгамдаж байгаа гурван асуудал байгаа юм.
Нэгдүгээр: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдэд зориулсан хуультай болох. Тэгэхгүй бол худалдаачдын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаа өдөр ирэх тусам улам хүнд болж байна. Эрх, үүрэг нь тодорхойгүй байгаа учраас заавал хуульчлах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт: Зохих шаардлагатай стандарт хэрэгтэй байгаа асуудал байгаа. Хотын стандартыг хөдөө орон нутгийн гэх мэт амьдралд нийцсэн.
Гуравдугаарт: Банкны өндөр хүүтэй зээл. Өнөөдөр ЖДҮХС гэж их ярьж байна. харин бид нар энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ЖДҮХС-ээс хөнгөлттэй зээл авдаг болмоор байна гэх асуудал яригдаж байгаа. Мөн худалдаачдын нуруун дээр татварын хууль их хэцүү хүнд тусдаг.
–НӨАТ–ын баримт өгдөггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна?
-НӨАТ-ын баримтын тэр өндөр үнэтэй төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдаг. Яагаад гэхээр ихэнх худалдаачид олон зээлтэй, татвар өндөр төлдөг, өдөр бүр торгуулдаг гэх мэт олон асуудал яригддаг.
Анхнаасаа тэр шийдвэрийг гаргахдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээ бодоогүй. Гэр хорооллын зарим газруудад интернет байхгүй гэх мэтчилэн олон асуудал байдаг гэсэн хариултыг өглөө.