Гадаад паспорт Тайландын хааны ордон байсан, одоо гадны жуулчдын очих дуртай сүмд Монголын гурван иргэн тэнд аялж явсан хүмүүсийн эд зүйлс, бэлэн мөнгийг хулгайлж байгаад баригджээ. Бүгдээрээ баахан шуугилаа. Энэ явдлаас хоёр долоо хоногийн өмнө Тайландын нисэх буудалд гурван иргэн хулгай хийж байгаад баригджээ.
Тэд монголчууд байв. Үүнээс хэдхэн хоногийн дараа Монголын репперүүд метроны буудалд жуулчдын халаасыг хоосолж хулгай хийж байгаад баригджээ. Хулгай тэр бүр гараад байдаггүй Тайландад нэг сарын дотор Монголын иргэд ийн шившиглэв. Тайваньд гар утас хулгайлсан бүлэг баригдлаа л гэдэг. Өмнөд Солонгост Монголын 40 гаруй насны гурван эмэгтэй, гурван сарын визтэй очоод олон удаагийн үйлдэлтэй бүлэглэн хулгай хийж баригдаж байв.
Хэдэн жилийн өмнө Японд доктор хамгаалахаар суралцаж байсан нэг эмэгтэй ганц уруулын будаг хулгайлаад хөөгдөж байлаа. Макаод Монголын халаасны хулгайчид баригдлаа л гэнэ. Хятадад, Сингапурт, ОХУ-д, Солонгост, Европт гээд хаа сайгүй Монголын хулгайчид оччихсон байх юм. Өнгөрсөн онд л гэхэд гадаад улсад 349 монгол иргэн гэмт хэрэгт холбогдсоноос 142 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна.
Дэлхийн олон оронд очиход монголчуудын хулгайн хэргийн талаар сонсогдож чих халууцуулдаг. Идэр насны, ажил хөдөлмөр хийх бүрэн бололцоотой залуус, бас ч үгүй үеийнх нь залуусын дунд реппер энэ тэр гэж танигдах болсон, гаднаас нь харахад хүн айж цочихооргүй гайгүй залуус нь ингэж хулгай хийгээд байна. Дээр нь монголчууд аль нэг улс оронд очихоороо визний хугацаагаа хэтрүүлж, “харладаг”. “Харлахгүй”-гээр амьдрах бололцоо боломж бий.
Жишээ нь, монголчууд хамгийн олноороо ажиллаж, амьдардаг Япон, Солонгост гэхэд “харлахгүйгээр” ажиллаж хөдөлмөрлөж болно. Тэд хариуцлагатай, хууль ёсоор ажиллуулах боломжийг сүүлийн жилүүдэд нэмж байгаа. Хэдэн мянгаар гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Манайхан даанч хүний итгэлийг дааж, хууль дүрэм мөрдөх биш. Гэрээт ажил хийх гэж яваад хэсэг тэндээ ажиллаад оргож алга болно.
Угтаа эндэхээс өндөр цалин авч, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, тэнд байх байр сууцыг нь бэлдээд өгчихөж байна. Тийм байхад л “харлаад” байдаг. Энэ бүхний эх үндэс нь гадаад паспортыг ямар ч шалгуургүйгээр хүссэн бүгдэд олгож байгаатай холбоотой. Үүнийг шалгууртай болгох хэрэгтэй байна. Бүх хүний гадаад паспортыг дахин нэг хянаж, тодорхой шалгуур хангах хугацаа олгох хэрэгтэй байна. Гадаад улсад харлаж, визний хугацаа хэтрүүлж байсан, хэрэг зөрчилд орж байсан эсэх, ялангуяа хулгай хийж байсан хүмүүст дахин паспорт олгохгүй байя.
Гадаад паспорт олгохдоо дараах шаардлагыг тавьж байя. Дээд, дунд, тусгай боловсролтой байх, нийгмийн даатгал төлж, ажил хөдөлмөр эрхэлдэг байх, гэмт хэрэг хийж, ял шийтгэл авч байгаагүй зэргийг харгалзан үзэж олгомоор байна. Хороо, дүүрэг, баг, сум, аймгийн тодорхойлолттой байхыг шаардъя. Тодорхой хэмжээний мөнгө барьцаалж, батлан даагчтай байлгая. Хэрэв нөгөө хүн харлавал батлан даагчийн гадаад паспортыг олгохгүй гэдэг ч юм уу.
Ингэж хариуцлагажуулахгүй бол болохгүй нь ээ. Ингэж л хатуурхахгүй бол зөвхөн хулгай хийх гэж гадагшаа явдаг монголчууд их байна. Европт гэхэд зохион байгуулалтад ороод бүлэглэлүүд бий болчихсон байдаг. Аялал жуулчлалын компани албан ёсны маршрутдаа хулгайн бараа худалдаж авах хөтөлбөр оруулчихсан байх жишээтэй.
Тэрийгээ мэдээж эвтэйхэн өнгөлөн далдална л даа. Германы Кёльн, Италийн Венец, Францын Парист үнэтэй брэндийн үнэртэй ус, гутал, хувцсыг үндсэн үнийн талаар нь зардаг монголчууд Монголоос ирсэн хүмүүст зараад суудаг. Зарим нь хулгайн бараагаа эцэг эхдээ явуулдаг. Тэд нь энд дэлгүүр нээчихсэн ажиллуулдаг. Хүүхдээ хулгай хийгээд явуулсныг нь тэр бүр мэддэггүй ч байж болох юм.
Нэг ёсондоо улсаараа хулгайн хамт хэрэгтнүүд болчихож байгаа юм. Нэг нь зуучлагч, нөгөө нь хэрэглэгч, үлдсэн хэсэг нь хулгайн эд зүйлсээ улсынхаа иргэнд худалдаад л. Нутагтаа хулгай хийвэл өөрийнх нь нэр төр гутаагдана. Харин хүний нутагт улсынхаа нэрийг гутаагаад зогсохгүй дараагийн очих хүмүүстээ гай болдог. Нэг хэсэг хулгайчаас (болж нийт улсаараа хулгайч нэртэй болдог. Хулгайч Дорж Дондогийг биш хулгайч Монголоос бүгдээрээ болгоомжилдог.
Ийм байж Солонгос, Япон, Англи, Америкт визгүй зорчдог болох хүсэлт манай талаас байнга тавьдаг. Энэ тун хорлонтой. Дээрх орнууд визгүй болчихвол монголчууд дэлхийд зөвхөн хулгайч экспортолдог улс болж хувирна. Дотоодын хулгайчаа хил дамнасан хулгайч болгосноороо хулгай хийдэггүй иргэд нь ч хардлагад өртөж, дэлхийн хаана ч ад үзэгддэг болно.
Болно ч юу байхав, эхнээсээ ад үзэгдээд эхэлсэн. Хулгайчдын хар гайгаар гадаадад жирийн монгол хүн ажиллаж амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамрагдах, аялж зугаалах ямар ч боломжгүй болно. Визгүй болсон Сингапур, Малайз, Орос, Хятадаас жишээ авахад тодорхой байгаа биз дээ. Хятад улс иргэдээ онооны системээр дүгнэдэг болж байгаа гэсэн. Хүн бүрийн царайг камераар хянах систем нэвтэрсэн учраас энэ нь илүү хялбар болжээ. Оноо нэмэгдвэл интернетийн хурдаас эхлээд гадаадад зорчих боломжид хүртэл нөлөөлнө.
АНУ-д ч кредит оноо өгдөг. Нийгмийн тустай хөдөлмөр, сайн дурын ажил хийвэл, гэмт хэрэгт холбогдоогүй бол, нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлдөг бол кредит оноо өсдөг. Кредит оноо өндөр байх тусам зээл хурдан авах, автомашины даатгалд бага мөнгө төлөх гээд олон давуу талтай. Австрали, Австри, Шри Ланк, Канад, Дани, Герман, Энэтхэг, Норвеги, Шведэд ч мөн ийм кредит оноо өгдөг.
Манай улс ч иргэдээ ингэж хариуцлагажуулъя. Манай төр гадаад паспорт визний асуудалд туйлын хариуцлагагүй ханддаг. Төр оролцохоо тулбал нэг хоолны сав л далд ороосой гэсэн философитой. Энэ бодлогын хор уршиг нь нэг энгийн иргэн гадагшаа гаргахааргүй байдалд оруулж байна. Тод жишээ нь Солонгосын визний асуудал.
Мөрөөрөө ажил хэргийн шугамаар явах гэж байгаа хүмүүстээ гай болно. Хүн бүрт паспорт олгоно. Гадагшаа виз хүссэн хүн бүрт төрийн байгууллага нь хуурамч тодорхойлолт гаргаад өгдөг. Ингэж дураараа материал бүрдүүлж өгөөд гацаа үүсгэдэг. Солонгосчууд монгол төрийг хуурамч, бичиг баримт бүрдүүлж өгдөг болохоор нэг бүрийг нь шалгадаг Монгол төрийн буруу бодлогоос хулгай хийх гэж л холыг зоригсод ихсэж байна. Тиймээс гадаад паспортыг хүссэн хүн бүрт олгодгийг зогсоох цаг нь болж.
Эх сурвалж:
1 comment
Bolovsrolgui hirnee amidraliin toloo unencheer zutgej yavaa olon hun baiga.hunii erhend ingej buduullegeer handaj bolohgui.hulgai hiih chin tuhain hunii uhamsariin asuudal ochnoon ih deed surguuli togschood bolovsrol ni deed tsegtee hursen humuus hurtel hulgai hiij hun zalilj bna