Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн мөнгө жинхэнэ эздэдээ очдоггүй, УИХ-ын гишүүд хамаарал бүхий компаниуддаа авч өгсөн гэх дуулиан олны анхааралд байсаар. Эрх баригчид уг нь сонгуульд ялчихаад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх томоохон ажлууд хийж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Харамсалтай нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээл хүсээд авч чадаагүй, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ч үгүй болох нь ойлгомжтой болсон. ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтээ олон аж ахуйн нэгж гаргасан ч, цөөн хэд нь тэр дундаа, улстөрчид, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй хэд нь л авсан билээ. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд Б.Батзориг дээрх сантай холбоотой дуулиан дэгдэх үед “Хэн хүссэнийх нь авдаг зээл биш, шалгуур өндөртэй” гэж байсан ч ачир дээрээ улстөрчдийн л дэмжлэгтэй аж ахуйн нэгжүүд зээл авсныг АТГ-ынхан ил болгосон.
УИХ-ЫН ГУРВАН ГИШҮҮН ГЭМ БУРУУТАЙ, ЭСЭХЭЭ ЭРТ ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БАЙВ
УИХ-ын гишүүд Засгийн газрын эсрэг товчлуур дарахгүйнхээ төлөө шагнал болгож авсан ЖДҮХС-гийн зээл нэртэй өндөр түвшний авлигын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад заримыг нь хэргийн бүрдэл хангагдсан гэж үзжээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байна.
Тус газрын мөрдөгчид Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нарт холбогдох хэргийг шалгаад, яллагдагчаар татах тогтоолд өөрсдөөр нь гарын үсэг зуруулах гэж нэлээд удсан юм. Чуулганы танхимдаа тохой залган суугаа нөхдөдөө “Мөрдөн байцаалтад саад учруулахгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгнө” гэх мэтээр ярьж байсан дээрх гурав л гэхэд мөрдөгчийг дуудахад ирэхгүй, зарлан дуудах хуудас өгөхөд авахгүй, УИХ-ын Тамгын газрын дарга нь хүртэл “Бидэнд хүртээлгүй асуудал” гэх утгатай албан бичиг өгөөд сууж байсан.
Хэрэв Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар Цагаан сарын дараа ийш тийш зугталгүй, яллагдагчаар татах тогтоолтой танилцчихсан бол өдийд гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтооход ойртчихсон байх ёстой байлаа. Тэдний холбогдсон, эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг уншигчдад эргэн сануулъя.
УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг, иргэн О-ийн компанийг Ч гэх хүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд уг төслийг дэмжихийг хүссэн бичиг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлсэн байдаг. Улмаар 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан юм.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг УИХ-аар өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэх үеэр Л.Энхболд “Мөрдөн байцаалтад саад болоогүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. ЖДҮХС-гаас зээл авсан компанийн би мэдэхгүй” хэмээж байсан. УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанидаа зээл олгуулах хүсэлт ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлж, сайд нь хууль, журмаа зөрчин “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл өгсөн нь тогтоогдсон.
Гэвч Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй элдэв арга саам хийж, прокурор, мөрдөгчид орон даяар эрэн сурвалжлах шахаж байж арай гэж гарын үсгийг нь зуруулсан байдаг. Г.Солтан ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ мөнгийг зориулалт бусаар ашиглаж, өөрийнхөө эмчилгээнд хүртэл зарцуулсан нь тогтоогдсон юм билээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүдээ шилжүүлж, улмаар дүү нь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхайн компанидаа өгсөн, үлдсэнийг нь нөгөө хүмүүстэйгээ нийлж, өөр зүйлд ашигласан нь ч тогтоогдсон. Харин Д.Дамба-Очир “Зээл аваагүй” гэж тайлбарладаг ч мөрдөн шалгалтаар тэрбээр хууль, журам зөрчин ямар ч барьцаагүйгээр ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон юм. Тэднийг шалгаж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргасан нь энэ.
ЗАРИМ ГИШҮҮНИЙ АВСАН ЗЭЭЛ ХУУЛЬ, ЖУРАМД НИЙЦСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан гэх дуулиан дэгдэх үед 50-60 хүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авсан байж болзошгүй гэж сөрөг хүчнийхэн нь мэдээлж байсан. АТГ-ынхан ч “ЖДҮХС-гийн” гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, тэр дундаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн шалгалтын дүн урьдчилсан байдлаар гарч байсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бусад албан тушаалтныг шалгаж байна.
Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тохиолдолд саналаа гаргаж, дараагийн шатны байгууллагад хүргүүлнэ. Гэхдээ дээр дурдсан 60 албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш” гэж байв. Эл дуулиан дэгдэх үед ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбум, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун нар тус бүр 950 саяыг авсан. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Н.Учрал, Ж.Энхбаяр, дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осор, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар зэрэгг хүмүүсийн нэр гарч байв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын зээл авсан үйлдэлтэй холбоотой, яллах, цагаатгах бүх л нотлох баримтыг цуглуулсны эцэст зарим үйлдлийг нь хааж байгаа юм. Тойрогтоо жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчтэйгээ хамтран ажиллаж, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, үндсэн зээлдэгч нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, хугацаанд нь, хуваарийн дагуу зээлээ төлж буй хэсгийнх нь үйлдлийг хааж буй аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын дэмжлэгтэй “Өлзий дэн”, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоор дэмжүүлсэн “Цант алтай”, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Ганбатын “Монгол буйдан”, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал”, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын “Өсөх буудай”, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” компани зэрэг аж ахуйн нэгж байгууллага хууль, журмын дагуу зээл авч, түүнийгээ зориулалтын дагуу зарцуулж байгаа нь тогтоогдсон байна.
АТГ, цагдаа, прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн 5-6 сар гаруйн хугацаанд мөрдөн шалгаж, 200 гаруй төслийн зээл, санхүүгийн баримтуудыг шалгасны эцэст ийнхүү ялгаж, салгасан юм. Хэдийгээр ийнхүү хэргийг хааж байгаа ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, төслөө хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, ЖДҮХС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкны хүүгээр тооцож, буцаан төлүүлэх, зээлийг татуулах ажлыг яам, дээрх сангийнхан хийх ёстойг шаардахын зэрэгцээ, зарим төрийн албан хаагч, мэргэжилтний ёс зүйн зөрчилд нь тохирсон хариуцлага тооцуулахаар болж буй гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: