“Ард түмний онц түр зөвлөл” (АТОЗ) зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагаас “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” гэсэн нэртэй жагсаал, цуглаан саяхан зохион байгуулж, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Г.Уянга, “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан, “АТОЗ”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун, “Босоо Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан гээд олон хүн оролцож байсан билээ. МАХН-ын тугийг намируулсан олон хүн тэр цуглааны үеэр явж байв.
“АТОЗ”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Бид оффшор данстай улстөрчдийг шалгуулахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбай дээр ажиллах болно. Энэ оффшор бол өнгөрсөн 27 жилийн чимээгүй хулгай юм. Монгол Улсын хуулийг өөрсдөдөө тааруулж гаргадаг, хулгай нь чимээгүй явдаг. Өнөөдөр Монгол Улсад эх орноосоо илүү баячууд гараад ирлээ. Оффшорыг эхлээд шалгаад үндэс суурийг гаргаж ирэх хэрэгтэй. Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” хэмээн ярьсан нь цахим хуудаснуудад бичигджээ.
Оффшор данстай улстөрчдийн дунд дээрх цуглааныг зохион байгуулагчдын нэг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр байдаг гэдгийг монголчууд мартаагүй. Өнгөрсөн оны зургадугаар сарын 20-нд зарим цахим хуудсанд “Н.Энхбаяр, О.Цолмон нарын оффшор хөрөнгө ил боллоо” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдаж байв. Тэнд “Н.Энхбаярын хүү Э.Батшугар, О.Цолмонгийн төрсөн дүү, АНУ-ын иргэн Ононгийн Алтан нартай холбоотой, МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Цолмон нарын оффшор хөрөнгийн тухай баримт гадаадын нэр бүхий цахим сайтад мэдээлжээ.
Тэнд Э.Батшугар нь Швейцарьт 2007 онд нагац эгч буюу ээжийнхээ төрсөн дүү О.Алтантай хамтран 20 мянган швейцарь франкийн дүрмийн сан бүхий BDR GmbH гэдэг компани байгуулжээ. Харин Н.Энхбаярын гэр бүлийнхний Швейцарь дахь оффшор компани ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байна. Мөн Н.Энхбаярын төрсөн дүү, олон улсад эрэн сурвалжлагдаж буй Н.Энхтуяа Сингапурт бүртгэлтэй TRINIX PTE.LTD гэдэг компанийн тухай юм. Тус компанийн ТУЗ нь BMI гэдэг компанитай хамтран ажиллах болсон” хэмээн тухайн үед бичиж байж.
Эдгээр мэдээллээс үзэхэд Н.Энхбаяр гуай болон түүнтэй нэгдсэн нөхөд “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг шоолно” гэдгийн үлгэр болж буй мэт. Юутай ч С.Баярцогт, С.Батболд, Б.Чулуудай зэрэг нэр бүхий оффшор данс эзэмшигчдийг шалгах болбол хамт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр бүлийнхний оффшор бүсэд байгаа хөрөнгүүдийг давхар нягталчихвал шударга ёсонд нийцмээр санагдана.
1 comment
Энэ нийтлэл бол шал худла гэдгийг бичигч нь мэддэгүй юм байхдаа Монголчууд дахиад л МАНАНд дарлуулах уу МАНАНгаас өөр сонголт байхгүй болчихсон уу Энэ мэтийн заваан төвөөс зугтах хүч гэдэг шиг Монголыг задлах сонирхолтой нөхдүүд элбэг байгаад харамсаж байна Монголыг эзлэхийн тулд цэрэг зэвсэг хэрэггүй ээ Хэдхэн тооны сэтгүүлч нэртэй лалрууд л байхад хангалттай шүү