Гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан, бие даасан дэд бүтэцтэй, хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал, санаачилгыг дэмжиж, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах ажлыг гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа.
Эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын 31-нд явагдаж “М солар” ХХК, иргэн Ё.Өлзийсайханы “Сэргээгдэх эрчим хүч” төсөл, “Альфа энержи” ХХК, иргэн А.Наранбаатарын уурын зууханд шүүлтүүр тавих “Синтетик платин катализатор буюу зуухны шүүлтүүр” төсөл, “Л.А.А.А.Л” ХХК, иргэн М.Алтангэрэлийн “Яндангүй гудам” төсөл шалгарсан байна. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан иргэдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр батламж гардууллаа.
Батламж гардуулах үеэр хотын дарга С.Батболд “Төсөл сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Нийслэлээс хороодыг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүчтэй явуулахаар шийдсэн. Энэ ажлын нэгээхэн хэсэг нь “Ногоон технологитой хороо” шалгаруулах асуудал мөн. Улаанбаатар хотод хөрс, ус, агаар орчны бохирдол хөндүүр сэдэв болоод байгаа. Үүнийг хэрхэн бууруулах вэ, иргэд амьдарч байгаа орчин, өөрийн хашаа, хороогоо өөрсдийнхөө оролцоотойгоор хэрхэн хөгжүүлж, сайжруулж болох вэ, тэр дундаа ногоон технологийг хэрхэн нэвтрүүлж болох вэ гэдэг асуудлаар бид төсөл сонгон шалгаруулаад, иргэдийн оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.