УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2017.04.25/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Монгол Улсын их сургуульд зохион байгууллаа.
Тус Байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоороо Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар Монгол Улсын их сургууль /МУИС/-д ажилласан юм.
Уулзалтад Ажлын дэд хэсгийн гишүүд болон МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүн, багш нар байлцсан.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Ундраа “Ажлын хэсэг Дээд боловсролын хуулийн хэрэгжилт, дээд боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, санхүүжилт болоод багш, ажилтан, эрдэмтдийн нийгмийн асуудал, сургалтын чанар, агуулга мөн төгсөгчдийн ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байна” гээд сурдаг их сургуулиас судалгааны их сургууль болоход эрх зүйн орчин хэрхэн бүрдэж байгаа талаар асуусан юм. Мөн бодлогын түвшинд “Дээд боловсролын удирдлагын түвшний асуудал”, “Дээд боловсролын чанар, агуулгын талаар” сэдэвт хоёр хэлэцүүлгийг Төрийн ордонд хийхээр төлөвлөж байгаа тул өргөнөөр оролцохыг хүслээ.
Дараа нь МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгч, судалгааны их сургууль болохын тулд хийж буй алхамуудаа танилцуулав. 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьсан бөгөөд тулгарч буй хэд хэдэн асуудал байгааг уулзалтын үеэр тэрбээр хэлсэн юм.
Эхний ээлжинд МУИС-ийг тусгай статустай болгож, эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг улс орны бодлогын томоохон судалгаанд ашиглахыг хүслээ. Мөн байгалийн ухааны салбарт бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолсон юм. Учир нь, хими, физик, математикийн ангиудад суралцах оюутны тоо жилээс жилд багасаж байгаа гэнэ. Мөн МУИС-ийн ойр орчмын газруудад хувь хүн, албан байгууллагууд барилга байшин барьж, орчныг эмх замбараагүй болгож байгаа асуудалд арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хүслээ.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, сургуулийн бодит байдалтай танилцсанаар боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэл гарган, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.