БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд 4 дүгээр сарын 4-нд 19:17 цагт цахилгааны гал хамгаалагчаас үүдсэн гал ойролцоо уул руу өргөжиж их хэмжээний ойн түймэр болсон бөгөөд 4 дүгээр сарын 5-ний өглөөний 08.00 цагийн байдлаар галын 80 орчим хувийг цурманд оруулаад байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Хүчтэй салхи /20-30 м/с/ ихтэй, хаврын хуурайшилтын үе таарсан нь гал түймэр богино хугацаанд өргөн талбайд тархсан. Одоогийн байдлаар түймэрт БНСУ-ын иргэн 1 иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай ой шатсан ба 3100 гаруй иргэн, цэргийн ангийн албан хаагчдыг /2500 цэрэг/ аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авав.
Гал унтраахад 45 нисдэг тэрэг, 18 мянга гаруй гал унтраагч, цэрэг, цагдаа, албан хаагчдыг дайчилжээ. Шөнө хэрэглээний газыг нийтэд нь хаасан ба өглөөний 6 цагаас айл өрхөд хэрэглээний газ өгч эхлэв. Төмөр замын хөдөлгөөний бүрэн зогсоож, зарим авто замыг хаагаад байна. Түймэрт өртсөн орон нутагт ЕБС-ын хичээлийг түр хаасан байна. Согчо хотын Гёндон их сургуулийн гадаад оюутны дотуур байр шатсан мэдээний дагуу тус сургуулиас тодруулахад “…телевизээр ташаа мэдээлэл цацсан байна.
Манай сургуульд монгол оюутан суралцдаггүй, нэг монгол оюутан суралцаж байгаад төгссөн” гэсэн мэдээлэл өгөв. Ганвөн мужид 617, Согчо хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар монгол иргэн хохирсон мэдээлэл БНСУ-ын холбогдох байгууллагааас ирүүлээгүй байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-аас иргэддээ хандан дараах анхааруулгыг хүргэж байгаа ажээ: БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу.