Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяртай ярилцлаа.
Баянгол дүүргийн ХХҮХ өнгөрсөн онд ямар ямар шинэлэг ажлуудыг зохион байгуулсан вэ? Энэ оны зорилтоосоо хуваалцаач.
Баянгол дүүргийн ХХҮХ өнгөрсөн онд халамжаас хөдөлмөрт бодлогод суурилсанн төрийн үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд 2018 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг “Өрхийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй 1500 өрхөөс 300 өрхөд нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бодитойгоор үзүүлэх зорилт тавин ажилласан. Энэ хүрээнд мэргэжил эзэмших сонирхолтой 22 иргэнийг мэргэжилтэй болгосон, түр ажлын байранд 167 иргэнийг, байнгын ажлын байранд 23 иргэнийг, бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 92 иргэнийг, хөдөлмөрт бэлтгэх сургалтад 15 иргэнийг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 100 иргэнийг, нийтдээ 500 гаруй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулан ажилласан байна. Үүнээс гадна иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын нэг цэгийн үйлчилгээг гурван өдрийн хугацаанд зургаан байршилд зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд 25 мянга гаруй иргэдэд мэдээ мэдээлэл хүргэсэн. Энэ явуулын үйлчилгээгээр 1500 гаруй иргэний асуудлыг газар дээр шийдэж ажилласан. Энэ жилийн хувьд бид энэ мэт олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Танай хэлтсээс дүүргийнхээ иргэд рүү чиглэсэн томоохон ямар ажил зохион байгуулах гэж байгаа вэ?
Тиймээ. Дээр хэлсэнчлэн бид аль болох л иргэдрүүгээ чиглэсэн ажлыг түлхүү зохион байгуулахаар ажиллаж байна. 2019 оны Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил болгон ажиллаж байгаа, энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, 23 хороод хамтран “Боломж ба Шийдэл” өдөрлөгийг энэ сарын есний, мягмар гарагт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг МҮЭСТО-нд болно, үйл ажиллагаа маань хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана.
Нэгдүгээрт 2019-2020 онд хийгдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн танилцуулгууд хийгдэх болно. 5 хөтөлбөр хэрэгжиж байгаа.
-
- Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
- Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
- Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэсэн таван хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өдөрлөгийн үеэр иргэд маань авч, хамрагдахад нээлттэй юм.
Мөн 2017, 2018 онд дээрх төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд маань өдөрлөгийн үеэр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, шинээр төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдэд бизнесийн туршлагаасаа хуваалцах, төсөлд хамрагдсанаар ажил, амьдралд нь хэрхэн өөрчлөлт орсон талаар танилцуулга хийнэ.
Ажлын байр бий болгох зорилготой эдгээр хөтөлбөрийн ямар хугацаатай, хэдэн төгрөгний дэмжлэг үзүүлдэг вэ?
Дээр дурьдсан 5 хөтөлбөрийн 4 хөтөлбөрт нь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгодог. Хугацааны хувьд 2-4 жил буюу 24-48 сарын хугацаатай, 3,0-10,0 хүртэл сая төгрөгийг 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгодог юм.
Төсөл шалгаруулалтын хувьд 2019 оноос эхлэн иргэдийн оролцоог түлхүү оролцуулах, иргэдийн үнэлгээг харгалзан нээлттэй, иргэдийн оролцоотойгоор шалгаруулахаар болсон нь давуу талтай юм.
Хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийн ямар хугацаанд хүлээж авах вэ?
Төслийг хавар, намар зарлаж хүлээн авдаг. 2019 оны эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох төсөл хүлээн авах хугацаа 03 сарын 20-ны өдөр зарлаж, 04 сарын 10-нийг хүртэл иргэдийн төслийг хүлээж авч байгаа. Бид энэ хугацааг жил жилдээ, сунгадаг тул хугацааны хувьд иргэд маань санаа зоволтгүй ээ.
Дээрх төсөл хөтөлбөрүүдэд ямар иргэд хамрагдаж болох вэ?
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 35-аас дээш насны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны бүх залуус, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт ажил мэргэжлээрээ туршлагатай, салбартаа өөрийн мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй ахмадууд эсвэл гэрээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настнууд хамрагдах боломжтой юм.
Хэрэв та Баянгол дүүргийн иргэн бол дээрх төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойг хэлмээр байна. Өдөрлөгийн үеэр төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах, ямар бичиг баримт бүрдүүлэх, тавигдах шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Дээрх бүх үйлчилгээнд иргэдийн хяналт, оролцоог хангах тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.
“БОЛОМЖ БА ШИЙДЭЛ” өдөрлөгийн үеэр өөр ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?
Дээр хэлсэн үйлчилгээг авахаас гадна энэ үеэр нийгмийн халамжийн үйлчилгээ буюу ахмадын өдрийн үйлчилгээ, амралт сувилалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжлийн болон түр сургалтын байгууллагууд танилцуулга хийж, иргэдийг бүртгэх юм.
Бид Баянгол дүүргийн ХХҮХ-ийн дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг 2018 онд байгуулсан. Өнгөрсөн онд бид энэ төвдөө “Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг туршсан.
Одоо илүү өргөн хүрээтэй дахин хийх гэж байгаа нь энэ өдөрлөгийн бас нэгэн чухал арга хэмжээ, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар “Ажлын шуурхай ярилцлага”-нд Өргөө кино театр, Бургер кинг, И-март, Номин холдинг, эрин интернейшнл, Бишрэлт пропертиз, Миний дэлгүүр сүлжээ, Буян компани зэрэг 20 гаруй байгууллага оролцохоо мэдэгдээд байна. Цаашид байгууллагууд нэмэгдэх юм.
“Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн гэж байна. Энэ талаар тодруулвал.
“Ажлын шуурхай ярилцлага” ажилд зуучлах үйлчилгээг манай хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн үйл ажиллагааны хүрээнд анх удаа зохион байгуулсан юм. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс боловсруулсан үйлчилгээ. Товчхон тайбарлахад ажил олгогч, ажил хайгч хоёрыг нэг дор уулзуулж, ажил олгогч байгууллага тухайн иргэнээр анкет бөглуулөхгүйгээр шууд ярилцлага хийж ажилд авах, дараагийн шатны ярилцлаганд оруулах зэрэг боломжийг нээж өгдөгөөрөө онцлогтой юм. Ажил олгогч байгууллага олон ажил хайгч иргэдтэй нэг дор уулзана, ажил хайгч иргэд олон ажил олгогчтой нэг зэрэг, нэг цэгт уулзах боломжтой болж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: arslan.mn