УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу энэ сарын 05-ны 10.00 цагт эхэлнэ. Хаврын ээлжит чуулганаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтаж буй юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын баг иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийсний үндсэн дээр 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд буй юм.
Өнгөрсөн сарын сарын 18-29-нд хуралдсан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ УИХ-д байгаа гэж би хувьдаа үздэг.
Тиймээс хаврын чуулганаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” хэмээж байв. Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудлуудаас гадна хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн боловсруулан өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.