Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэснийг Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ. Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой байх юм байна.
Энэхүү төвд хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл /протез,ортопед/-ийг үйлдвэрлэх гэнэ.
Энэ оны эхэнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” баригдаж, ашиглалтад ороход бэлэн болсон гэж сүр дуулиантайхан зарласан байгууламж өдгөө хүртэл хүн орж, гардаггүй хөндий хоосон, ашиглагдаагүй байсаар байна.
Учир шалтгааныг баттай бус эх сурвалж сангийн асуудалтай гэж дурдсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.доллар буюу 80 орчим тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн энэхүү төвийн үйл ажиллагааг Засгийн газар албан ёсоор нээж ажиллуулахаар болов уу, эсвэл дахин шинээр төв байгуулах гэж байна уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Энэ талаар тодруулан хүргэх болно.
Ямартай ч 250 ортой, амбулаториор 250 хүүхэд, эцэг эхчүүдийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой, өдөрт нийт 500 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, 14-21 хоногоор хэвтэн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой төв 20 дугаар хороонд бэлэн байгааг сануулъя.
Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагджээ.