Орон нутгийн замд ачааны автомашин онхолдож хүний амь эрсэдсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн Өлзийт гэдэг газар уг осол гарсан байна. Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд Замын-Үүд сумын харьяат 48 настай Э /эрэгтэй/ жолоодож явсан “Фотон” загварын ачааны автомашинтайгаа авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж нас баржээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр (2019.04.02) 06:42 цагт хүлээн авч Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт 08:29 цагт ослын газарт очиж, 3 цаг ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу 22 товчооноос баруун тийш 100 метрт Хан-Уул дүүргийн харьяат 29 настай залуу З-ын жолоодож явсан “Ландкрузер-105” загварын суудлын автомашин Сонгинохайрхан дүүргийн харьяат 31 настай залуу М-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины бүхээгт хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага өчигдөр 13:08 цагт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13:35 цагт очиж, 20 минут ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, авто замд зорчихдоо дүрмээ баримтлан, хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.