АНУ-ын Вашингтон хотноо Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН)-ийн Бодлого боловсруулагчдын 9 дэх удаагийн уулзалтад оролцож байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид тогтвортой санхүүгийн үйлчилгээг эрсдэлгүй технологид суурилан хүртээмжтэй хүргэх асуудлаар олон салбар хуралдаануудад оролцож байна.
Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа тус сэдвээр Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Зөвлөлдөх уулзалтад нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид тус тусын зах зээлд жендерийн ялгааг багасгах талаар ямар шинэчлэл хийж байгаа, цаашид хэрхэх болон тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар ярилцлаа. Мөн нийгэмлэгийн гишүүд өөр өөрийн арга туршлагыг солилцож, санхүүгийн зах зээл дэх жендерийн ялгааг бууруулахын тулд чухам ямар асуудалд ач холбогдол өгч, өргөн хүрээнд хамтран ажиллах нь зүйтэйг хэлэлцэв.
Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар технологийн үйлчилгээ үзүүлэгч GSMA, Африкт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Letshego Holdings болон MasterCard, Visa, TransferTo компанийн төлөөлөгчид үйлчилгээ, давуу тал болон санхүүгийн хүртээмжийг сайжруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг танилцуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг зөвшилцлөө.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
1 comment
болимоор юм