УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орнуудын батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцсоны дараа Вашингтонд албан ёсны айлчлалаа үргэлжлүүллээ.
Н.Энхболд сайд АНУ-ын Төрийн департаментад ажиллаж, Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи, Цэрэг, улс төрийн газрын дарга М.Стринг нартай албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монголын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх нар байлцлаа.
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн монгол сонсогчидтой уулзлаа Уулзалтын үеэр талууд саяхан хоёр талын харилцааны түвшингээ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хүрээнд хүргэснийг тэмдэглэж, улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалахын харилцаа тогтвортой хөгжиж байгаа онцлон, хамтран хэрэгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний чадавхийг бэхжүүлэхэд АНУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, бидний энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна, ялангуяа хоёр талын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” дадлага, сургууль бол бидний хамтдаа бий болгосон амжилт, мөн шинээр эмхлэн зохион байгуулсан агаарын цэрэг зэрэг төрлийн цэргийг хөгжүүлэхэд бидэнд дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгав.
Харин АНУ-ын талаас олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлж, Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотолж, цаашдаа харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа Стратеги, олон улс судлалын хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн судлаач нартай уулзаж, Зүүн хойд Азид Монгол Улсын баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, тус бүс нутаг дахь АНУ-ын бодлого, стратегийн талаар харилцан ярилцав. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрийн үдээс хойш Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академиар зочилж, тус академийн захирал дэд адмирал Т.Картертай уулзсаны зэрэгцээ тус академид Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нарын сурлага хөдөлмөртэй танилцаж, аав, ээжийнх нь мэндийг уламжилж, амжилт хүсч, өндөр мэргэжлийн боловсон хүчин болоорой гэлээ.
4200 сонсогчтой Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академид анх удаа Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нар маш өндөр шалгуур, тэсвэр тэвчээрийг давах туулж энэ хүрчээ. Өндөр босготой Тэнгисийн цэргийн академид тэнцэж чадвал ямар ч төлбөргүй бөгөөд өндөр нэр хүнд ирдэг юм байна.
Эх сурвалж: Eagle.mn