Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан “Эко алтан заамар” ХХК-ийн уурхайд осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан билээ. Тэгвэл уг осолтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу МХЕГ-аас уурхайн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхайн компаниудад хийгдсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
МХЕГ-ын дэд даргаар ахлуулсан комисс 1751 тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд хяналт шалгалт хийжээ. Үүний 561 нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 908 нь огт үйл ажиллагаа явуулаагүй, 123 нь үйл ажиллагаа явуулж байгаа, 159 нь бэлтгэл ажлаа хийж буй аж ахуй нэгжүүд байна. Хяналт шалгалтын хүрээнд нийтдээ 29 уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Мөн 79 ААН-д албан шаардлага, 301 зөвлөмж хүргүүлэв. Түүнчлэн зургаан хэрэг үүсгэж, нийт 224 сая төгрөгийн торгууль тавьж, 291.2 грамм алт хураан авчээ.