Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн ард дулааны худгаас өчигдөр /2019.04.02/ эрэгтэй хүний цогцос олджээ.
Хэргийг тодруулбал, өчигдөр өдрийн 17:02 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт нэгэн иргэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч 17.15 цагт очиход нэр, хаяг нь тодорхойгүй, 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метр/ Орхон голд нэр, хаяг нь тодорхойгүй, 50-55 настай, эрэгтэй хүн усанд живсэн тухай дуудлага өчигдөр 18:15 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 28 алба хаагч, 5 автомашин, 1 төмөр завь, тус аймаг дахь Цагдаагийн газрын 20 алба хаагч, 2 автомашин, нийт 48 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 2.5 км замыг туулан 18:24 цагт тус газарт очжээ.
Улмаар усанд осолдсон гэх орчноос 600 метр газар төмөр завиар завь явж болох гол хэсэг болон захын харзалсан хэсгүүдээр 3 удаа, эрэг дагуу 2 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдаж, мөс нимгэрч цөмрөх аюултай байсан тул эрлийг мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон аж. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.