“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум өнөөдөр (2019.04.02) “Блю Скай” зочид буудлын “Кристал” танхимд боллоо. Тус форумаар доорх дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөсөн юм. Үүнд:
1/ Монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ ба олон улсын чиг хандлага
2/ Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал
3/ Нийгмийн сүлжээний боломж ба эерэг хандлагыг бий болгох нь
4/ Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ ба Social media literаcy
Монгол Улс дэлхийд сүлжээний бэлэн байдлын индексээрээ 57, ICT-ийн хөгжлийн индексээрээ 91, өрсөлдөх чадварын индексээрээ 101, цахим засгийн хөгжлийн индексээрээ 92 дугаар байрт явж байна. Манай улсад 2019 оны нэгдүгээр сарын байдлаар фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 сая, үүнээс гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог хэрэглэгчид 2.1 сая байна.
Үндэсний хэмжээнд 2200 орчим өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар тэдний 90 орчим хувь нь цахим ертөнцөд өөрсдөө бие даан суралцдаг ба бусдыг үлгэрлэн дуурайдаг болох нь тогтоогджээ. 10 хүүхэд тутмын 8 нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт таарахгүй мэдээлэлтэй таардаг байна.
Түүнчлэн 108 утсанд цахим дарамтад өртсөн гэх дуудлага жил бүр ихэсч байгаа ба 2015 онд 58 дуудлага, 2016 онд 85 дуудлага, 2017 онд 239 дуудлага, 2018 онд 230 орчим дуудлага иржээ. Уг нь зүй бус, хууль бус, хүүхдэд сөргөөр нөлөөлөх контентыг фэйсбүүк рүү репорт хийж мэдээлбэл тэдний зүгээс яаралтай арга хэмжээ авах боломжтой ч манай дийлэнх иргэдийн хэлний мэдлэг сайнгүй тул тухайн контентыг хэрхэн мэдээлэхээ мэддэггүй тул уг асуудлыг ч шийдвэрлэх шаардлагатай байгаа юм гэдгийг холбогдох албанаас дурдаж байлаа. Ямартай ч хамтын ажиллагааны хүрээнд ХХЗХ-нд тусгай суваг нээн, зүй бус, хууль бус контентыг хянахад хамтран ажиллахаар болжээ.
Энд зарим баримтаас сонирхуулахад, Монгол Улсад 3,886,167 үүрэн холбооны хэрэглэгчид /давхардсан тоогоор/, 2,439,236 ухаалаг утас хэрэглэгчид, улс хоорондын интернет багтаамж 120 Gbps ба 2,910,000 интернет хэрэглэгч байгаа юм байна.
Нийгмийн сүлжээний хэрэглээний үзүүлэлтээс авч үзэхэд манай улсын нэг иргэн сард дунджаар 5 сэтгэгдэл бичиж, 16 пост дээр лайк дарж, 3 пост шэйрлэж, 12 сурталчилгааны мэдээлэл үзэж сонирхдог гэнэ. Мөн олон улсын хэмжээнд фэйсбүүкийг өөрт ашиглах хугацаа нь 53 минут байхад Монгол Улсад ашиглах хугацаа нь 77 минут юм байна.
15 жилийн өмнө фэйсбүүк гарч ирэхдээ зөвхөн текст бичиж, мессеж явуулдаг платформ байсан бол өдгөө дэлхийн хэмжээнд өдөрт нэг тэрбум зургийг фэйсбүүк хэрэглэгчид түгээдэг аж. Дэлхийн 3.3 тэрбум хүн энэ сүлжээг хэрэглэдэг бол дэлхийн нийт Засгийн газрын 91 хувь нь фэйсбүүк хаягтай ба 109 төрийн тэргүүн, 86 Ерөнхий сайд, 72 гадаад хэргийн сайд ашигладаг гэсэн тоо гарчээ.
Форумын үеэр Фэйсбүүк группийн Хонконг, Тайвань, Монгол улсууд дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн “Дижитал номын сан” төслийг Фаро сантай хамтран Монголд хэрэгжүүлэхээр болсныг онцолсон бөгөөд Монгол Улсад хэрэгтэй гэх бүх мэдээллийг энэхүү номын сангаас авах боломжтой болно гэдгийг тодотгож байлаа. Мөн тэрээр цахим орчинд аюулгүй байдлыг бий болгоход төр, хувийн хэвшил, сайн дурынхны хамтын оролцоо чухал төдийгүй тухайн улс өөрсийн гэсэн зохицуулалттай байх хэрэгтэйг сануулав. Ингээд онлайн аюулгүй байдал, дижитал ертөнцөд зөв амьдрах, шинэ эдийн засаг ба сошиалыг ашиглан олон улсад сурталчилгаа хийх зэргээр гурван үндсэн чиглэлээр урт хугацааны турш Монгол Улстай хамтран ажиллана гэдгээ хэллээ.