Гар утсаа ашиглан агаарын чанарыг хэмжих боломж хоёрхон жилийн дараа бий болно. Ийм технологийг зохион бүтээхээр Эстонийн Тартусын их сургуулийн эрдэмтэд ажиллаж байна. Агаар дахь хорт бодисуудыг хэмждэг мэдрэгчийг Испанийн Барселона хотод болсон үзэсгэлэнгийн үеэр Эстонийн эрдэмтэд танилцуулсан нь ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн сонирхлыг татжээ.
Таллины их сургуулийн Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Райво Яанисо-гийн ярьснаар, мэдрэгчийг зохион бүтээх ажил дуусаагүй байгаа бөгөөд судалгааны явц 50 хувьдаа ороод байгаа аж. Агаарын чанарыг хэмжээд, агаар бохирдсныг гар утас эзэмшигчид анхааруулдаг уг төхөөрөмжийг зохион бүтээх ажил 5 жилийн турш үргэлжилж байгаа гэнэ.
“Одоо бидний хийчихээд байгаа төхөөрөмжөөр гудамжинд гараад хэмжилт хийх боломжтой. Өмнө нь бид зөвхөн лабораторийн нөхцөлд хэмжилт хийж байсан билээ. Харин одоо уг төхөөрөмжийг гар утсанд суурилуулахын тулд овор багатай, янз бүрийн хийг мэдэрдэг болгох хэрэгтэй байна. Мэдрэгч нь хүний хамар шиг ажиллаж, хүрээлэн буй орчин дахь янз бүрийн бодисыг мэдэрдэг байх ёстой” гэж хүрээлэнгийн ажилтан Артем Берхольц ярилаа. Гар утсанд суурилуулах мэдрэгчийг 2 жилийн дараа гэхэд зохион бүтээж дуусна, гэхдээ үүнээс илүү хугацаа шаардагдаж магадгүй гэдгийг тэрбээр хэлэв.
Монцамэ