Дэлхийн нисэх онгоцны түүхэнд анхных болох өргөн их биетэй, холын зайг туулах чадвартай зорчигч тээврийн Bоинг-747 агаарын хөлөг 1969 оны хоёрдугаар сарын 9-нд анхны нислэгээ хийжээ. Гэвч жилийн дараа дэгдсэн түлшний түүхий эдийн хямрал энэ гайхамшигтай зохион бүтээлд төгсгөл тавих шахсан байна.
Дайны өв
De Havilland DH-106 Комета-1 агаарын хөлөг нь дэлхийн зорчигч тээврийн анхны тийрэлтэт онгоц болжээ.
Үүнээс өмнө зорчигчид үнэн хэрэгтээ Дэлхийн II дайнд ашиглаж байсан бөмбөгдөгч онгоцоор нисч байсан юм. Анх 1949 онд агаарт хөөрсөн 24 суудалтай Британийн De Havilland-106 Comet онгоцыг De Havilland-98 бөмбөгдөгч онгоцыг бүтээсэн планерийн бааз дээр хийжээ.
1955 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн ТУ-104 онгоц нь мөн л ТУ-16 гэсэн бөмбөгдөгч онгоцны бүтэц дээр суурилагдсан байв. Цэргийн нисэхийн зориулалттай онгоцыг иргэний нисэхийн тээвэрт ашиглахаар ийнхүү хурдтай өөрчилсөн нь гашуун үр дагавар дагуулсан байна.
Британи онгоц хоёр жил ашиглагдсан бөгөөд үүнээс хойш осолдох нь ихэссэн тул ашиглалтаас гаргав. Харин ЗХУ үйлдвэрлэсэн онгоцны 18 хувь осолдсон ч ашигласаар байлаа.
Энэ үед хүнд бөмбөгдөгч онгоц бүтээх тал дээр нэлээдгүй туршлагажсан Америкийн Боинг компани огт өөр зам сонгосон байв. Тэд турбо тийрэлтэт хөдөлгүүртэй Bоинг-707 онгоцыг анхны зорчигч, иргэний агаарын тээврийн зориулалтаар зохион бүтээсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа Боинг-707 онгоцны баазад түлшээр цэнэглэдэг, тээврийн КС-135 онгоцыг бүтээжээ. Дараа нь нислэг локатор гэх алдартай AWACS агаарын хөлгийг бүтээжээ.
Технологийн өрсөлдөөн
Технологийн өрсөлдөөн зөвхөн АНУ ба Зөвлөлтийн хооронд байсан юм биш. Цэрэг армийн болон иргэний нисэхийн онгоц зохион бүтээх чиглэлээр ажиллаж байсан Америкийн компаниуд ч хоорондоо ширүүн өрсөлдөж байв. “Lockheed” ба “McDonnell Douglas” хоёр “Bоинг”-ийн хувьд хамгийн хүчтэй, гол өрсөлдөгчид нь байв.
1960-аад оны сүүлч гэхэд тэд өсөн нэмэгдэж байгаа зорчигчдын урсгал, агаарын тээврийн суудлын хомсдлыг нөхөж чадахуйц супер хөлөг бүтээхээр өрсөлдөж, бараг нэгэн зэрэг “Bоинг-747”, “McDonnell Douglas DC-10”, “Lockheed L-1011 TriStar” гэх иргэний нисэхийн, зорчигч тээврийн, өргөн их биетэй, суудал олонтой гурван агаарын хөлгийг бүтээж эхэлжээ.
Өргөн нь нарийнаас чухал
Хариу нь тодорхой мэт. Өргөн их биетэй онгоцонд олон зорчигч сууна. Гэтэл жин нэмэгдсэний улмаас агаарын хөлөг ихээхэн түлш хэрэглэнэ. Бас хүчтэй хөдөлгүүрүүд хэрэгтэй. Тэр нь эргээд эдийн засгийн ашигт нөлөөлнө.
Гэсэн хэдий ч ийм хөлгүүдэд сэтгэл зүйн мэдэгдэхүйц давуу тал байдаг. Нарийн фюзелаж нь ганц замтай учраас зорчигчдод хаалттай орон зайн клаустрофоби гэх айдсыг үүсгэнэ. Зорчигчид нисэхийн компанийг сонгоход энэ эгшин ихээхэн нөлөө үзүүлдэг.
Лидер мөхлийн ирмэгт…
Хүчтэй гурван өрсөлдөгчийн иргэний зориулалттай шинэ агаарын хөлөг зохион бүтээх барианд Bоинг 747-100 онгоц орлоо. Тэд өрсөлдөөнд ялахын тулд өргөн их биетэй, давхар тавцантай, алсын зайд 452 зорчигч тээвэрлэх чадвартай онгоцыг асар их хөрөнгө гарган зохион бүтээжээ.
Хөлгийг бүтээхээр 6000 хүнтэй асар том зохион бүтээх товчоо ажилласан байна. Мөн ийм том онгоцыг компанийн үйлдвэрүүдэд бүтээх боломжгүй байсан тул маш богино хугацаанд шинэ үйлдвэр бариулжээ. Үйлдвэр нь дэлхийд хамгийн өндөр өртөгтэй, 250 сая ам.доллараар боссон юм. Онгоц бүтээснээс хойш компанийн хөрөнгө тэгийн тоо руу эрчимтэй урагшилжээ.
Хэний ч санаанд ороогүй хямрал
Bоинг 747-100 агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүр маш их түлш шатааж байлаа. Керосины бүтэн хэрэглээний хэмжээ нь 178700 литр болсон нь “Cessna 150” загварын хөнгөн онгоцны бараг хоёр сая км замыг туулахад зарцуулах хэрэглээ байв. Эхэндээ ч болоод байлаа.
Гэтэл 1970 оны нефтийн хямрал үйлдвэрлэгчийг болон супер онгоцыг худалдан авсан агаарын тээвэрлэгчдийг хэлмэгдүүлэв. Зөвхөн ачаалал ихтэй Зүүн өмнөд Азийн шугамуудад Bоинг 747-100 онгоц эрэлт ихтэй байлаа. Хямралд өртөгчид харин тасалбар тийзийн үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрчээ. Үүнээс үүдэн 747-100 онгоц тал суудалдаа зорчигчгүй нисч байв.
McDonnell Douglas DC-10
Зэрэгцээд зорчигчдыг татах арга хэмжээ авагдаж эхлэв. Жишээлбэл, “American Airlines” бүхээгдээ баар, төгөлдөр хуур байрлуулсан бол “Continental Airlines” компани мөн ийм замыг сонгосон. Эцсийн дүнд илүү хэмнэлттэй, гурван хөдөлгүүртэй McDonnell Douglas DC-10, Lockheed L-1011 TriStar онгоцнууд “ховдог” Воинг 747-100 агаарын хөлгийг хүчтэй шахжээ.
Өрсөлдөгчдөө залгисан нь…
Гэвч “Bоинг”-ийн өрсөлдөгчдийн ялалт хормын төдий л юм байв. Өрсөлдөөнд тэд өөрсдийн нөөцөө шавхжээ. 1990-ээд онд өргөн их биетэй онгоц бүтээх гэсэн “McDonnell Douglas” хөрөнгөө шавхсан бол Батлан хамгаалах яам тус компанид сөнөөгч онгоцныхоо захиалгыг өгсөнгүй. Ингээд “Bоинг” өрсөлдөгчөө залгив.
“Lockheed” үүнээс өмнө ялагдсан. 1984 онд тус компанийн иргэний агаарын хөлөг үйлдвэрлэх салбар нь ухаалаг зарлагын босгоо даваад л зах зээлээс хасагдлаа. Компани зөвхөн байлдааны онгоцны үйлдвэрлэлтэй үлдэв.
Хүйтэн дайны буянаар…
Хүнд үеийг Bоинг хүйтэн дайны буянаар даван туулав. Арилжааны ашигтай биш бүтээмжээ тэд Пентагоны хэрэглээнд нийцүүлж эхлэв. Үр дүнд нь компанийг оршин тогтнох хөрөнгийг тэд авсан байлаа. Bоинг 747-100 онгоц нь цэргийн зориулалтын хэд хэдэн хувилбартай. Нэг загварт нь баллистик пуужинг хөөрч байх үед сөнөөх хүчтэй лазерийн бууг байрлуулсан байв. Мөн зарим “машиныг” нь цэргийн ачааны онгоцнууд болгосон байгаа.
“Эрлэгийн өдрийн онгоц” нэрийг дөрвөн хөлөг авчээ. Нэг нь цөмийн дайны үеэр газрын удирдлагын цэгүүд устгагдсан тохиолдолд агаарын командын пункт болох үүрэг хүлээсэн. Бас нэг онгоц нь сансрын олон дахин ашиглагдах хөлгийг “нуруундаа үүрч зөөх” зориулалтын болгон өөрчилсөн байгаа.
Эцэст нь Bоинг 747 хөлгийн баазад Ерөнхийлөгчийн онгоцыг бүтээсэн. Одоо ийм онгоцоор Дональд Трамп үйлчлүүлж байгаа. Бага Буш Ерөнхийлөгч байхдаа яг ийм хөлгөөр Улаанбаатарт буусан юм.
Байлдааны шинэ талбар
Боинг компани хүндхэн хэдэн жилийг ардаа хийгээд өргөн их биетэй онгоц бүтээх амбицтай хөтөлбөртөө эргэн орсон байна. В-747-100 онгоцны дараа В-747-200, В-747-300, В-747-400, В-747-8 онгоцууд бүтээгдэв. Ерөнхийдөө 40 гаруй жилийн дотор 747-гийн цувралын 1500 агаарын хөлөг үйлдвэрлэгджээ.
Зуу дахь загвар, Боинг 747-400 агаарын хөлөг нь 524 зорчигч тээвэрлэх багтаамжаараа 2005 онд дээд амжилтын эзэн болсон. Үүний дараа 853 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай “Airbus” A-380 агаарын хөлөг мэндлэв. Ийнхүү амбици ихтэй “Bоинг”-ийн өрсөлдөөний шинэ талбар Европт үүсээд байна.
1 comment
Gaiahaltai