Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” орос, монгол найрал дууны уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн их танхимд боллоо. Найрал дууны анхдугаар энэхүү уралдаан түрүүлсэн, Гран при шагналт “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг ОХУ-ын нийслэл Москва хотын “Улаан талбай”-д болох Ялалтын жагсаалын дараах хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөх эрх авсан байна.
Найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсоноос, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Дорноговь аймгийн тавдугаар сургууль болон МСҮТ-ийн баг, “Эрдмийн өргөө” цогцолбор, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль, Орхон аймаг, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль, МУБИС-ийн лицей сургууль, СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, “Хобби” сургууль, “Улаан бүч” чуулга, Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 13 баг шилдэг Гран при шагналын төлөө өрсөлдөв.
Уралдааныг ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цэргийн прокурор, хурандаа Непомнящих Игорь Витальевич, ОХУ-ын Элчин сайдын яамны атташе Панкова Ксения Юрьевна, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий хормейстр, ахмад О.Эрдэнэцог, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий хормейстер, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хормейстер Д.Алтантуул нар шүүв.
СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийн Я.Алтансувд багштай найрал дууны хамтлаг 343.5 оноогоор тэргүүн байрт шалгарч, ОХУ-ын Байгаль далайн зусланд долоо хоног амрах эрхийн бичгээр шагнууллаа. Дэд байрт 341.5 оноогоор МҮОНРТ-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны У.Мөнхжаргал багштай “Улаан бүч” чуулга тодорч, удирдагч багшийн хамт “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг гардав. Гуравдугаар байрт 333 оноогоор Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Соёлын тэргүүний ажилтан Л.Отгонцэцэг багштай “Цагаан сарнай” найрал дууны хамтлаг шалгарч өргөмжлөл, хоёр сая төгрөг хүртлээ.
Дээрх найрал дууны уралдаанд оролцогсод Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын гала концертод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.