Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, хөрсөн дэх органик бодисын бохирдол 30 дахин нэмэгдсэн, эрдэс бодисын бохирдол 70 дахин нэмэгдсэн гэж Хөдөө, аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөр ярилаа. Хөрсний бохирдлын талаар ийнхүү онцлох болсон нь Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл-хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг өчигдөр мэргэжлийн байгууллагуудын дунд өрнүүлсэн юм.
Нийслэлийн хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх тусам өсч, хөрсний доройтолд орсоор байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар ирсэн. Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Тодорхой байршлуудад химийн болон органик бохирдол ихэсч байгаа судалгаа жил бүр гардаг. Монгол Улсын хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу хөрсний бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, үүнд онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Тиймээс энэ асуудалд тал бүрээс анхаарах шаардлага зайлшгүй байна” гэв.
Хөдөө, аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөрийн ярьснаар Улаанбаатар хотод хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг томоохон төвүүдийн орчимд хөрсөн дэх органик бохирдол 52.6 хувь, шивтрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байгаа гэж байна. Гэр хорооллын 200 гаруй мянган айл нүхэн жорлонтой. Нүхэн жорлонгийн 80 гаруй хувьд доторлогоогүй, стандартын бус баригдсан, 140 гаруй мянган угаадасны нүхийг ил задгай ашиглаж байгааг хэлэлцүүлгээр танилцуулав. Нэг ёсондоо улаанбаатарчууд бүхий л муу, муухайг агуулсан хөрсний бохирдолдоо живж байгааг бүхий л талын эх сурвалжууд батлан ярилаа.
Хөрсний бохирдолд хамгийн ихээр хүүхдүүд өртөж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны үндэсний төвийн их эмч Б.Дэлгэрмаа хэлсэн. Тэрээр “Хөрсний бохирдол бол халдварт өвчний гол эх үүсвэр. Дулаан болонгуут хүүхдүүд гадна талбайд тоглож эхэлдэг. Ил задгай талбайд жимс жимсгэнэ гээд хүнсний бүтээгдэхүүний худалдаа гардаг. Хүүхдүүдийн гарыг угаалгахгүйгээр хоол хүнс хэрэглэх, худалдааны хоол хүнсийг угааж, цэвэрлэж хэрэглэдэггүйгээс халдварт өвчин маш их гарч байна. Хүүхдүүдийн хувьд гар, хөл, амны өвчний дэгдэлт дулааны улиралд маш их нэмэгддэг” гэлээ
Харин хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээллийн талаар иргэд, олон нийтийн зүгээс ойлголт багатай байна. Хөрсөн дээр нь алхаж, амьдарч, амьсгалж байгаа нийслэлчүүдийн хувьд өөрсдөө хамгийн гол бохирдуулагч болохыг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Тиймээс энэ гамшгаас гарах үүрэг зөвхөн мэргэжлийн, төрийн байгууллагын хариуцах ажил биш, иргэдийн оролцоо чухал гэж байна
Түүнчлэн 2015, 2016 онд хийгдсэн хөрсний бохирдлын судалгааг харьцуулахад 2015 онд нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын хөрсний дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр 54.5 хувь хувь нь дунд болон их бохирдолтой гарсан бол 2016 онд бохирдлын хувь буурч 48.1 хувь болжээ. Нянгийн бохирдол буурсан үзүүлэлт нь нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байсантай холбоотой гэж хэлэлцүүлэг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж байв. Тиймээс хөрсний бохирдлыг дахин төлөвлөлтөөр шийдэж болно гэж байв.
Хэлэлцүүлгээс гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хэрэглээ, бохирдлоос үүдэлтэй нянгийн бохирдол хотын хэмжээнд өндөр байгаа, нөгөө талаар иргэдийн ойлголт мэдлэг бага байгаа учраас хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнээс гадна хүний эрүүл мэндэд шууд бус замаар ноцтой хор хөнөөл учруулж болохуйц хөрсөнд химийн бохирдол үүсгэж буй хотын төвд, хот дотор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй авто засвар, авто угаалгын газар, арьс ширний үйлдвэрүүдийг үйл ажиллагааг журамлах шаардлагатай гэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагаар зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газар, НИТХ-д хүргүүлэх юм байна.