Эдийн засаг

Үндэстний хөрөнгөтөн үгүй бол хэн монгол хүний амьжиргааг дэлхийн жишигт хүргэнэ гэж

Төр лав биш, тэр дундаа татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, халамжлуулдаг төрийн өндөр албан тушаалтнууд бүр ч биш гэдэг нь ойлгомжтой. Чухамдаа жил бүр шилдэг татвар төлөгчийн жагсаалтыг тэргүүлсээр ирсэн хувийн хэвшлийнхэн монгол хүний амьжиргааг дэлхийн жишигт хүргэж чадна. Тэдний улсад тушаасан татвар төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг.

Нөгөө талд нь татвар төлөгчдийн халааснаас 183 мянган төрийн албан хаагч цалинждаг. Энэ нь 1.8 их наяд төгрөг бөгөөд Засгийн газар төсвийнхөө таван төгрөг тутмын нэгийг цалинд зарцуулдаг. Дээр нь хувийн хэвшилд 1.1 сая хүн ажилладаг. Төрийн албанд ажиллагсадтай харьцуулахад зургаа дахин их тоо. Ямар сайндаа л өнгөрсөн намар багш, эмч нар цалингаа дэлхийн жишиг биш амьжиргаандаа дөхүүлэх шаардлага тавих үеэр Засгийн газар нэг их наяд төгрөгийн өр тавих эсвэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэтийн бүтээн байгуулалтаа зогсоох гэсэн сонголтыг өмнө зогсож байлаа.

Гэвч томоохон татвар төлөгчдөө муугаар хэлэхдээ “30 гэр бүлийн компани” гэж цоллодог. Харин бүтээсэн баялгаас нь татаас авахдаа “шилдэг татвар төлөгч” гэж өргөмжлөөд байгаа юм. Уг нь аль зуун жилийн өмнө “Иргэн баян бол улс баян” гэдэг санааг монгол хүн дэвшүүлчихсэн шүү дээ. Тэгвэл тэртээ зуун жилийн өмнө үл ойшоогдоод, 1990 онд эргэн сэргээсэн дээрх хөгжлийн загвар одоо хэрхэх бол гэдэг асуулт үндэсний корпорацууд төдийгүй, Монголын түншүүдийн гол анхаарах асуудал болоод байна. Улмаар нэг энгийн асуулт урган гарч ирсэн нь “Үндэсний корпорацуудаа юман чинээ тоолгүй өшигчдөг оронд гаднынхан мөнгөө тэврээд ирэх үү” байлаа.

УИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЭРГЭЛЗЭЭНД ОРУУЛЛАА

b2cace_Capture_x974 Үндэстний хөрөнгөтөн үгүй бол хэн монгол хүний амьжиргааг дэлхийн жишигт хүргэнэ гэж

ҮАБЗ-ийн гурван гишүүн хуулийн салбарт бүгсэн шударга бусын хонгил гэгчийг нураасан гэдгээ дэлхий даяар бахархалтайгаар зарлав. Түүнээс өмнө ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй Монгол Улс хүнд хилсээр хэрэг тохоодог, захиалгаар ажилладаг шүүхтэй орон байсан болж таарсан. Энэ асуудлыг хэлэлцсэн чуулганыг телевизээр шууд дамжуулах үеэр хуульч өмгөөлөгч гишүүн “Хэрэг тохох эзэн олдвол зүйл анги нь олдоно, зүйл анги нь олдохгүй бол татвар олдоно” гэх утгатай зүйл хэлнэ лээ.

Өөрөөр хэлбэл, зөвлөмж гаргасан ҮАБЗ, түүний дагуу Үндсэн хуульдаа хутга дүрэн байж баталсан УИХ, мэдээлэлд ойр гишүүний мэдэгдэл Монгол Улсад хөрөнгө мөнгөтэй нэгнийг намнадаг “махны машин” гэгч байдаг талаарх ойлголт төрүүлж орхилоо. Ингээд бодохоор улстөрчид, хууль хяналтынхнаас бүрдсэн бүлэг АНУ-ын иргэн Жастин Каплаг ч бас хонгил гэгчээрээ оруулсан болж харагдана.

Үүнийг Монголыг ардчиллын арал хэмээн тодотгодог АНУ тэргүүтэй барууны орнууд, стратегийн түншлэл тогтоогоод буй Япон, Солонгос, Энэтхэг ч харж л суугаа. Ингээд зогсохгүй гуравдагч хөршийн дайтай, стратегийн хөрөнгө оруулагчдаа онилох бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн бололтой. Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар гадаадын хөрөнгө оруулагчид 1.9 тэрбум ам.доллар оруулж ирсэн тухай Төв банкнаас мэдээлсэн.

Энэ нь 2017 оныхоос 422 сая ам.доллароор өссөн үзүүлэлт боловч гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь уул уурхайн мега төсөл буюу “Оюутолгой”-н далд уурхайд төвлөрсөн. Тэгвэл өнөө жил далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгааг Сангийн яам мэдээлсэн байна. 1.3 тэрбум ам.доллар гэдэг бол бидний төлж дийлэхгүй байгаа “Чингис” бонд, Засгийн газар төрийн бүх албан хаагчдынхаа цалинг хоёр жил тавихтай дүйцэх хөрөнгө.

Үүний л хүчинд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Уул уурхайгаас өөр шальтай орлогогүйн дээр улсаараа 28.7 тэрбум ам.долларын өртэй орны хувьд бүр ч том тоо. Энэ хөрөнгө оруулалтын суурийг цутгасан хүмүүс одоо ч шалгагдаж байгаа. Гэтэл нөгөө талд нь монгол хүн 400 хүрэхгүй ам.долларын цалинтайн дээр нийгмийн тэгш бус харьцаанд сүүлийн арваад жилд бараг л өөрчлөлт орсонгүй.

Хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлдэг гол үзүүлэлт бол Үндэсний статистикийн хорооноос гаргадаг жини коэффициент юм. Жини индексийг 0-1-ийн хооронд хэмждэг бөгөөд нэг рүү ойртох тутам хэрэглээний тэнцүү биш байдал өндөр байгааг илтгэнэ. Харин энэ коэффициент нь 0-тэй тэнцүү бол орлогын хуваарилалтад ялгаа бараг байхгүй буюу ийм тохиолдолд ядуурал байхгүй гэж үзэж болно.

Тэгвэл Монгол Улсын жини индекс 0.32 буюу 100 монгол хүн тутмын 32 нь ядуу амьжиргаатай байгаа аж. Мөн статистикийн хорооны мэдээллээр хамгийн сүүлд монгол хүний сарын дундаж орлого нэг сая гаруй төгрөг буюу 400 орчим ам.долларт хүрсэн. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлого явуулсны нөлөөгөөр гадаадын түншүүдгүй болж, үндэстний хэмжээний цөөн хөрөнгөтнөө нүд үзүүрлээд эхэлбэл, бага ч болов өссөн 400 ам.долларын амьжиргаа дахиад өсөх үү гэдэгт Ерөнхийлөгч Х.Баттулга аль 2012 онд хариулт өгчихсөн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ҮАБЗ-ийг даргалдаг Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 онд МоАХ-ны IV их хурал дээр “Иргэн баян бол улс баян зорилт хэрэгжих болтугай” хэмээн илтгэл тавьж байжээ. Тэр илтгэлд нэг бус удаа коммунизмын хор нөлөө, орлогын тэгш бус хуваарилалтын талаар дурдсан байдаг. Тэрбээр “Баян хоосны ялгаа жил ирэх тусам өссөөр байгааг жини коэффицент 2003 онд 0.33, 2006 онд 0.36, 2011 онд 0.39-д хүрснээс тод харж болно. Хэдийгээр эрх баригч(МАН)-ын зүгээс баян хоосны ялгаа хямралын 0.40 үзүүлэлтэд хараахан хүрээгүй гэж мэдэгдэж байгаа ч гадны шинжээчид жини коэффицент Монголд аль хэдийн 0.44 хүрсэн гэж мэдэгдэж байна.

Энэ бүхнээс харахад МоАХ анх байгуулагдахдаа дэвшүүлсэн “Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санаа хэрэгжих битгий хэл орхигдож, мартагдахад хүрсэн байна. Коммунистууд ард түмэндээ “Шилний цаанаас чихэр долоолгох” аргад эртнээс мэргэшсэн, энэ уламжлалаа МАН орхиогүй байна. Аль 1960 онд л коммунистууд “20 гаруйхан жилийн дараа Монгол Улс коммунизмд орно. Тэр цагт хэрэгцээнийхээ хэрээр хоол хүнс, бараа таваар авдаг болно” гэж сурталддаг байсан.

Бодит байдал дээр 1980 оны сүүлчээр Монгол Улс өрийн дарамтад орсон, эдийн засаг нь бүхэлдээ унаж, гацаанд орсон, иргэд нь өмч хөрөнгөгүй, улс төр нь нэг улсаас бүрэн хамааралтай ийм л дампуу орон болчихсон байсан шүү дээ. Үүнийг МоАХ өөрчлөхийн төлөө бүхий л тэмцлээ зориулсан. Гэтэл одоо түүх давтагдахын үлгэрээр посткоммунистууд түүхийн шоглоом болсон үлгэрүүдээ шинэчлэн, ахин ярьж эхэллээ. Өнөөдөр Монгол Улс нэг үзүүлэлтээрээ олон улсад гайхагдах түвшинд хүрсэн байна.

Хойд Солонгос 1946 оноос хойш коммунист намын удирдлагаар явж байна. Хөгжлийн түвшин, эрх чөлөөний тухайд бол ярих зүйл өчүүхэн ч үгүй орон. БНХАУ 1949 оноос хойш мөн коммунист намын үзэмжээр явж байна. Хүний эрх, ардчилалын талаар бол гялтайх ч зүйлгүй улс. Куба 1959 оноос өнөөдрийг хүртэл коммунистуудын гарт байгаа ч хөгжил, дэвшлийн үнэр ч үгүй хол таягдан хоцрогджээ.

Гэтэл “Азид ардчиллын үлгэр жишээ болно” гэж хөөргөддөг Монгол Улс 1921 оноос хойш бараг зуун жил шахуу хугацаанд коммунист, посткоммунист удирдлагыг таашааж, сонгож иржээ. Үр дүнд нь хүн амын 40 хувь нь ядуу, ажилгүйдэл хэрээс хэтэрсэн, эрх баригчид нь авлигад идэгдчихсэн “хөгжинө” гэж хоосон мөрөөдөж, хийрхсэн, бодитой хийсэн зүйлгүй ийм л нэг дампуу улс боллоо” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: 

56f4e02e50115b264be8d163a01e4b45 Үндэстний хөрөнгөтөн үгүй бол хэн монгол хүний амьжиргааг дэлхийн жишигт хүргэнэ гэж

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close