Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачилан нийслэл хотод жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг анх 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадам болон АСЕM-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нийт 110 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэж 3000 гаруй жуулчинд зөвлөгөө, туслалцаа үзүүлжээ. Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна.
Энэ сарын 26-нд болох Сүхбаатарын талбайд нийслэлийн аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр оюутан цагдааг бүртгэх аж. Мөн энэ баасан гаригт (2017.04.28) “Улаанбаатар” чуулгын байранд “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар дамжуулан бүртгэх юм байна.
Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Энэ хөтөлбөрт нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
1 comment
BkQWlQ http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com