“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн ирэх мягмар, лхагва гараг буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ үеэр төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээний талаар болон үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулах юм. Мөн 150 гаруй үйлдвэрлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулна. 2019 онд Монгол Улсын Засгийн газраас импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр болон олон нийт тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч дэмжих уриалга гаргаж “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан.
Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоосон. Үүнд, мал аж ахуй, газар тариалан, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, химийн болон хуванцар бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмсэн ба бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи болон үслэг эдлэл, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий, оёмол бүтээгдэхүүн, мод, модон, сав, баглаа боодол, хүнсний болон мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, зам, барилгын материал, өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүнд хамаарах нийт 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан. Уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулахаар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2016 оноос дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тендерийн шалгуур шаардлагад тусгахаас гадна сонгон шалгаруулалтын үед дотоодын давуу эрхийн зөрүү тооцох зэргээр хууль, журмын дагуу эх оронч худалдан авалтыг дэмжиж ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд эх оронч худалдан авалтыг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн байгууллагууд хамтран оролцоно.
Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тавигдах чанар, стандартын шаардлагын талаар болон бүтээгдэхүүндээ стандартын тохирлын гэрчилгээ хэрхэн авах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох тухай зэрэг нээлттэй танилцуулга болох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.