Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрчээ. “Номин тав трейд” ХХК-ийн “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%, оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулжээ.
Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа.
Хууль бус зар сурталчилгааны талаарх мэдээллийг 1800-1284 дугаарт хандаж өгөх боломжтой.