Урд хөршийн зах зээлд эерэг дохио тарсан нь дэлхийн зах зээлд сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой өссөн нь эдийн засгийг сэргээх хөтөлбөр үр дүнгээ өгч буйн илрэл болжээ.
Тодруулбал, үйлдвэрлэлийн борлуулалтыг харуулдаг гол индекс 49.2-50.5-д хүрч өссөн нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр тоон дүн болоод байна. Тэгвэл үйлчилгээ, барилгын салбарын өсөлтийн индекс 54.3-54.8 болж нэмэгджээ. Зогсолтод ороод байсан их хэрмийн цаадах мөнгөний урсгал ийнхүү сэргэж буй нь гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт идэвхжих дохио болно гэж шинжээчид харж байна.
Хятадын зах зээлээс онцлох мэдээллүүд: Үйлдвэрлэл болон экспортын шинэ захиалга сүүлийн зургаан сарын үзүүлэлтээс анх удаа давжээ.Мөнгөний бодлогын үр нөлөө амжилттай байгаа дүр зураг харагдав. Төсөв санхүүгийн бодлого, хөрөнгө оруулалтууд тогтворжсон талаар Сингапурт төвтэй “Commerzbank AG”-ийн эдийн засагч Зуо Хао хэлэв.
Эдийн засаг сэргэж буй дохио ийнхүү мэдэгдэж байна: АНУ Хятадын хоорондын худалдааны яриа хэлэлцээний нөлөөгөөр хөрөнгийн зах зээл болон бизнесийн итгэлцэл нэмэгдэж буйг эдийн засгийн дүн мэдээгээр тайлбарлаж байна.Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчдэд хандан хэлсэн үгэндээ “Засгийн газрын төсөөллөөс бодит эдийн засгийн үр нөлөө давж байна. Ингэснээр эхний улирлаас урьтаж эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна” хэмээн ярьжээ. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засагт гэгээ татах зуур гадаад зах зээлд өрнөсөн зарим үйл явдлаас тоймлон хүргэе.
Цукерберг олон улсын зохицуулагчдад хандлаа
“Facebook Inc.”-ийн гүйцэтгэх захирал М.Цукерберг нийгмийн сүлжээн дэх улс төр, хүчирхийлэл, хэт хувийн чанартай мэдээлэл оруулж байгаа өнөөгийн үйл явцын талаар шинэ дүрэм журам гаргахыг дэлхийн интернэт зохицуулагчдад хандан уриалжээ. “Washington Post” сонинд сөрөг контентуудыг хамгийн бага төвшинд байлгах талаарх түүний мэдэгдлийг дурдсан байлаа. “Бид хүмүүст үйлчилгээгээ хүргэхдээ тэдний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээж байгаа. Үүний тулд террорист, хэт үзлийг дэмжсэн мэдээллийг ялгах болно” гэж тэрээр онцолжээ.
Д.Трамп Төв Америкт хүргэх тусламжийг багасгана
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Төв Америкийн улсууд цагаачдыг АНУ-д илгээж байна хэмээн мэдэгдсэний дараа өнгөрсөн бямба гаригт Эл Салвадор, Гуатемала, Гондурас зэрэг улсад очих тусламжийг тус улсын Засгийн газраас багасгахаар болжээ. Ойрын өдрүүдэд дээрх гурван улсаас АНУ болон хил дагуу орнуудад очих цагаач иргэдийн тоо огцом өссөн юм. Энэ долоо хоногт Мексикийн тал цагаачдыг Америк руу нэвтрүүлсэн хэвээр байвал хилээ хаана хэмээн Трамп мэдэгдээд байна.
Эх сурвалж: