Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр (2019.03.29) “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлажээ.
Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм байна.
Тус амаржих газарт жилд дунджаар 12 мянган эх нярайлдаг бөгөөд 30 орчим хувь нь кесар хагалгаагаар амарждаг аж. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл, бэрхшээл цөөнгүй гардаг байна. Харин эдгээр иж бүрдэл багажтай болсноор дээрх хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа юм гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.