Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол зорилго гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.
2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцох ба уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ний Бямба гарагт орон нутгийн цагаар үдшийн 20:30 цагт дэлхий даяар нэгэн зэрэг эхлэх юм. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ.
Мөн урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэх юм байна. Иргэд арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм. Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулах аж.
Энэ удаа зохион байгуулагчид хуванцарын хор холбогдлыг олон нийтэд сурталчилах, хуванцараас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм. Тэд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг олон нийтэд, ялангуяа залуучуудад уриалж байна. 2018 онд дэлхийн 188 орны 5,251 хотын 3 тэрбум, 600 сая хүнийг хамруулж чаджээ.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжижсөн байдаг. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ерөнхий захирал Марко Ламбертини “Иргэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны алдагдлыг зогсоох амлалт үүргийг шийдвэр гаргагчдаас шаардаж байна.
Тэдний оролцоо их байгаа болохоор бид амьдран суугаа энэ гарагийнхаа эрүүл мэндийг хамгаалж, хадгалах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй болж байна. Үүнд хүрэхэд “Эх дэлхийн цаг” арга хэмжээ чухал үүрэгтэй юм” хэмээн ярьжээ.
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ТУХАЙ
Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй. 60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг.
60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа аж.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан