Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуульд яг ямар өөрчлөлт оров?
-УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлөх, түдгэлзүүлэхийг заасан байдаг. Энэ заалтууд нь Үндсэн хуульд заасан заалтыг илүү дэлгэрүүлэн тайлбарласан гэсэн үг. Үндсэн хуульд шүүгчтэй холбоотой шүүхийн шийдвэр гарвал огцруулж болно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, тэр нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдох юм бол чөлөөлж болно. Мөн Шүүхийн тухай хуульд шүүгч өвчтэй болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж болно гэж заасан байдаг. Үүнийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дэлгэрүүлээд заачихсан байсан. Гэсэн ч сая үүн дээр нэмээд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд тэр зөвлөмжийг ажлын албанаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, шүүгчийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгч шийднэ гээд заагаад өгчихөж байгаа юм. Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурор болон орлогч прокурорын, Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх тухай тус тус заагаад өгчихсөн.
-Уг хууль батлагдсанаараа ҮАБЗ-д ямар давуу тал гарч байгаа юм бэ?
-ҮАБЗ-ийн гурван гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байдаг. Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг. Тэдний 100 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч өөрөө дараа жилийн ҮАБЗ-ийн хурлаар юу хэлэлцэхийг баталдаг. Мөн тухайн цаг үеэсээ хамааралтайгаар жагсаалтад ороогүй асуудал гарч ирвэл хэлэлцэх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг. Ерөнхий сайд ч саналаа хэлээд асуудлаа оруулж болно. Тэгэхээр Засгийн газар хууль бус үйлдэл хийчихлээ гэж бодъё. Түүнийг шүүх хянаж таарна. Хянаж байх явцад Засгийн газрын таашаалд нийцээгүй шийдвэр гаргах гээд байх юм бол Ерөнхий сайд ҮАБЗ-д очоод “Энэ шүүгчийг огцруулъя” гэдэг саналаа хэлнэ.
Тэр тохиолдолд гурвуулаа ярьж сууж байгаад зөвлөмж гаргачихна. Өнөөх зөвлөмжийг ШЕЗ-д хүргүүлчихнэ гэсэн үг. Үндсэндээ АТГ, прокурор гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын болоод тэрхүү хэргийг үнэн мөнийг дэнсэлдэг шүүхийн байгууллагын удирдлагууд, шүүгч нар Ерөнхийлөгчийн эрх мэдэл дор төвлөрчихөж байгаа юм. ҮАБЗ бүх шийдвэрийг гаргах эрхтэй болчихоор Засгийн газар, УИХ-ын гишүүд нь тэд нарт тал засах хэрэгтэй болчихож байгаа юм. Тэр гуравт тал засаж байж шийдүүлэх гэсэн асуудал нь цаашаа явна, хэргээ нуун дарагдуулж чадна.
Хэсэг хүмүүс Ерөнхий сайдыг АТГ-т өгсөн байна лээ. “Ерөнхий сайд ЖДҮХС-гийн мөнгийг тарааснаараа гишүүдэд авлига өгсөн байна. Хариуд нь өөрийгөө огцруулахын эсрэг байлгаж чаджээ. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байхад ЖДҮХС-гаас зээл авсан бүх гишүүд өөрийнх нь талд кноп дарсан. Өөрийнхөө талд кноп даруулахын тулд ЖДҮХС-гийн мөнгийг тараажээ” гэсэн үндэслэлтэй байгаа юм. Харин одоо ил байгаа мэдээлэл дээр дүгнэлт хийхэд “Та нар энэ хуулийг баталж надад эрх мэдэл өг. Үгүй бол та нар шоронд орно шүү” гэж барьцаалсан байгаа мэт л харагдаж байна. Магадгүй тийм болоод ч тэр үү, энэ хууль 90 хэдэн хувиар батлагдсан биз.
-Хуульд өөрчлөлт орсноороо шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд нөлөөлнө гэдгийг хуульчид хэлж байгаа. Таны хувьд ямар суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн зарчим ёсоор шүүгч хараат бус, шүүх бие даасан байх ёстой. Энэ утгаараа шүүгчийг бүх насаар нь томилдог. Дундаас нь ямар нэгэн байгууллага, хэн нэгний саналаар чөлөөлөөд байх юм бол шүүгч хэн нэгнээс нөлөөлөхгүйгээр хэргийг үнэн бодитой шийдэх боломжгүй болно. Би тэр хүний хүссэнээр энэ асуудлыг шийдэхгүй бол намайг ажлаас чөлөөлчих юм байна гэдэг ойлголт төрж таарна аа даа. Ийм байдлаас л сэргийлж бүх насаар нь томилдог юм. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилдаг
. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан бие биеэ тэнцвэртэй хянаж байх ёстой. Хэрэв бүх эрх мэдэл нэгэнд нь байх юм бол дарангуйлал бий болдог. XVII зуунаас өмнөх бүх цагийн үеийн түүхэнд хаан бүхнийг шийддэг, тэр хүнд л бүх эрх мэдэл төвлөрчихсөн байсан. Тиймээс эрх мэдлийг нь гурван хэсэгт хуваасан хэрэг. Хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хэрэгжилт дээр нь хууль тогтоох байгууллага хяналт тавина.
Шүүх эрх мэдлийн байгууллага нь Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг хуульд нийцэж байгаа эсэхийг хянана. Буцаагаад Засгийн газар нь шүүхийн төсөв санхүүг шийдэх замаар шүүхээ хяная гэх байдлаар харилцан тэнцвэртэй байх ёстой. Үүнийг XVIII зуунаас эрх мэдэл хуваарилах онол гэж нэрлэж, бүх улсууд Үндсэн хуульдаа тусгаж ирсэн. Үндсэн хуульд эрх мэдлээ хуваарилаагүй байх юм бол Үндсэн хууль гэж үзэхгүй гэсэн зарчим ч байдаг. Г эсэн ч өнөөдрийн нөхцөл байдлаар энэ гурван эрх мэдэл нэг хүнд оччих хэмжээний асуудал болчихоод байна.
-Парламентын засаглалыг үгүйсгэж байгаа явдал мөн үү?
-ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн байгууллага биш. Хоёрдугаарт, аль ч улсын жишгийг харсан ҮАБЗ гүйцэтгэх эрх мэдлийнхээ дор байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн дор, парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байна гэсэн үг. ҮАБЗ-ийн шийдвэр нь зөвлөмжийн шинж чанартай. Зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй юм биш. Тэгэхээр парламентын засаглал болоод эрх мэдлийн хуваарилалтыг энэ хууль үгүйсгэж байгаа юм. Бүр тодруулбал, парламентын засаглал, ардчилал, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, Үндсэн хуульт ёс хэрэг дээрээ бүр байхгүй болчихоод байна.
–Хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж, авлига авч байгаа шүүгчид байгаа учраас тэдгээрийг солихын тулд энэ хуулийн өөрчлөлтийг хийж байна гэж яриад байгаа…
-Тэр хүмүүсийг сольсон ч дараа нь Ерөнхийлөгчийн хүмүүс орж ирэх нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс орж ирэх үгүйг харж л байя. Үндсэн хуулийн Цэц дээр өнгөрсөн жил дөрвөн хүн томилсон. Нэг хүн нь насаараа ЗГХЭГ-ын тэргүүн, дэд дарга хийсэн хуулийн мэргэжлийн хүн. Харин үлдсэн гурав нь мэргэжлээрээ ажиллаж үзээгүй шахам л хүмүүс байсан. Ерөнхийлөгч санал болгосон, түүний хүн гэдэг нь ч ойлгомжтой. Одоо хийж байгаа ажлууд, гарч байгаа шийдвэрүүд нь ч түүнийг нь батлан харуулдаг. Хүмүүс “Манайх Ерөнхийлөгчийн засаглал руу орох гээд байгаа юм биш үү” гэж яриад байгаа юм. Энэ бол их сайхнаар хэлж байна. Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна.
-Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох боломж хууль эрх зүйн хувьд байдаг уу?
-Манай хууль хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бэхжүүлнэ, тогтооно гэсэн уриатайгаар батлагдсан. Тэр утгаараа манай Эрүүгийн хуульд эрүүдэн шүүхийн эсрэг заалтуудыг оруулсан. Хэрвээ эрүүдэн шүүсэн байх юм бол хариуцлага хүлээлгэх заалт нь бий. Энэ бол гэмт хэрэгт тооцогдоно. Дээрээс нь манай улс эрүүдэн шүүхийн эсрэг Венийн конвенцэд нэгдэн орсон улс шүү дээ. Хүний эрхийн конвенцүүдэд ч нэгдэн орсон байдаг.
Тэр утгаараа эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй зүйл. Эрүүдэн шүүж олж авсан баримтыг нотлох баримт гэж үнэлэх ч ёсгүй. Тухайн хүн үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байсан ч эрүүдэн шүүсэн л байх юм бол нотлох баримтын хэмжээнд хүлээх авах ёсгүй юм. Шүүгч эрүүдэн шүүгээд байгаа учраас шүүгчдийг солино гэж яриад байгаа юм. Шүүгч эрүүдэн шүүнэ гэж байхгүй шүү дээ. Тэр нотлох баримтыг цуглуулж, хэргийг мөрдөн шалгаж байгаа байгууллага нь өөрөө цагдаагийн байгууллага, мөрдөгчид юм. Эсвэл харьяаллаараа Тагнуулын байгууллага байна. Нөхцөл байдлыг прокурор хянаж, дараа нь шүүхээр шийдүүлдэг.
-С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн эсэхийг нь мэдсэн юм бол яагаад өнөөдөр гаргаж ирж байгаа юм бол гэх хүмүүс байна л даа. Энэ тухайд?
-Улстөрчдөд итгэхэд хэцүү болчихоод байгаа юм. Үнэхээр тийм бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв тийм бичлэг байгаа бол нууцлаад байх шаардлагагүй. Ил л байх ёстой асуудал шүү дээ. Мэдээж эрүүдэн шүүсэн зүйл байгаа бол тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ эрүүдэн шүүсэн бичлэг нь байсан бол өнгөрсөн хэдэн жилийн турш яагаад чимээгүй байсан юм бэ. Мэдэж байсан юм бол яагаад ил гаргаж тавиагүй юм.
Яг хэрэгтэй үедээ улс төрийн зорилгоор гаргаж ашиглаад байгаа нь ямар учиртай юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм уу. Эсвэл өөрийнхөө эрх мэдлийг нэмэхийн тулд ашиглаад байна уу. Энэ мэтчилэн энгийн ухамсрын түвшинд бодоод үзэхэд Tytf асуудалтай л санагдаж байгаа юм. Хүний эрхийн комисс жил бүр тайлан гаргадаг. Түүнийгээ УИХ-ын бүтцүүдээр хэлэлцүүлж, зөвлөмжөө хүргүүлдэг. Тэр бүрт эрүүдэн шүүх ажиллагаа байгаа тухай дурддаг. Өнөөг хүртэл Хүний эрхийн комиссын зөвлөмжийг УИХ хүлээж авч, түүнийх нь дагуу ажил хийсэн тохиолдол байхгүй байх. Гэтэл гэнэт улс төрийн зорилгоор ашиглах болохоороо гаргаж ирж байгаа нь харамсалтай. Энэ нь ч цаанаа өөр нэг зорилготой гэдгийг нь харуулаад байгаа юм. Ер нь Эрүүдэн шүүнэ гэдэг нь зөвхөн тамлан зовоохыг хэлдэггүй. “Гэрийнхэнд чинь муу юм болно шүү” гэж сэтгэл санаагаар дарамтлах нь хүртэл эрүүдэн шүүлт юм.
-Энэ асуудал Цэц дээр очих болов уу. Цэц энэ асуудлыг хэрхэн шийдэх бол?
-Цэц дээр очоод буцах боломж байгаа. Хүний эрхийг, Үндсэн хуулийг хамгаалах хамгийн эцсийн зогсоол нь Цэц юм. Нэг жишээ дурдахад, 1930-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт яг иймэрхүү шийдвэр гаргах оролдлого хийсэн байдаг. Шүүх намынх нь болоод өөрийнх нь эсрэг шийдвэр гаргаад байхаар нь шүүгчдээ солихыг оролдсон. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх хуулийн төслийг оруулсан. Хуулийн төслийг оруулахынхаа өмнө шүүгчид шиг авлига авдаг албан тушаалтан, шүүх шиг буруу шийдвэр гаргадаг завхарсан байгууллага алга гэж мэдээлэх болсон.
Тэднийг л сольж өөрчлөхгүй бол болохгүй гэж хэдэн cap, жилийн турш ярьсан байгаа юм. Ингэж ард иргэддээ гүн бат итгүүлснийхээ дараа хуулийн төслөө оруулсан. Харин конгресс нь хүлээж аваагүй учраас тэрхүү оролдлого нь талаар болсон байдаг. Рузвельтийн технологийг олон орон ашиглаж, дарангуйллыг тогтоосон. Хамгийн сүүлд Туркийн ерөнхийлөгч Эрдоган хэрэгжүүлж, хууль өөрчлөн 30 гаруй шүүгчээ барьж хорьсон. Манай дээр ч гэсэн энэ технологи хэрэгжсэн. Тэд гуравдугаар сарын 26-нд л энэ хуулийн төслийг санаачлаад оруулаад ирсэн хэрэг биш.
Тодруулбал, Х.Нямбаатар гишүүн “Захиргааны хэргийн шүүгчид авлига авдаг. Хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг, өөрийнхөд нь нэг сая ам.доллар байна” гэж нас барсан хүнийг АТГ-т шалгуулахаар явж байсан. Тэрээр гишүүний хэлээд байгаа асуудлаар шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон байдаг. Х.Нямбаатар гишүүн тухайн хүнийг нас барсныг нь мэдэнгүүтээ “22 шүүгч хууль бусаар ашигт малтмалын лиценз өгсөн байна. АТГ-т өгч шалгуулна” гээд л ярьсан. Одоог хүртэл АТГ-т тэр хэргийг шалгасан тухай ямар ч мэдээлэл байхгүй. Энэ мэтчилэн хүмүүс ар араасаа шүүх эрх мэдлийн байгууллагууд руу дайрсан байдаг юм.
Эх сурвалж: