Жил ирэх тусам 1-12-р ангийн сургачдын сурах бичгийн хүрэлцээ муу байна гэсэн шүүмжлэл олны дунд бий болдог. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг 2004 оноос дөрвөн жил тутам шинэчлэх нэрээр сурах бичгүүд ч өөрчлөгддөг.
Улсаас бага ангийнхны номыг үнэгүй, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн хэрэглээний 40 хувийг хангадаг гэж ярьдаг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй.
Сурах бичгүүдийг шинээр хэвлүүлж, сургуулиудад тараах болсноор хэрэглээнээс гарсан хуучин номуудыг улсын хэмжээнд агуулах сав олдохоо байжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газар (НӨХГ) төр, захиргааны байгууллагуудын акталсан хөрөнгийг татан төвлөрүүлж, хоёрдогч түүхий эд худалдан авдаг үйлдвэр, хувь хүмүүст борлуулах замаар олсон мөнгөө нийслэлийн төсөвт эргүүлэн тушаадаг. Тус газрын гурван агуулах хэрэглээнээс гарсан сурах бичгүүдээр дүүрэв.
Ерөнхий боловсролын сургуулиудаас жил бүр 20 гаруй мянган ширхэг сурах бичиг хаягдаж буйг НӨХГ-ынхан хэлсэн. Хэвлэлийн компаниуд нэг сурах бичгийг 1800-2500 төгрөгөөр хэвлэж, номын худалдаачид сурагчдад 2000-7000 төгрөгөөр борлуулдаг байна.“Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгогдож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар сурах бичиг хэвлэхэд зориулж 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг онцолж байна.
Мөн ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд гарц, шийдэл хайж өнөөдрийн уулзалтыг хийж байна. Бага анги болон зорилтот бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна. Эхний ээлжинд Мөн Азийн Хөгжлийн Банктай уулзаж, санхүүжилт шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно. Зориуд онцлон хэлэхэд сурах бичгийн агуулгыг өөрчлөх, дахин шинэчлэх асуудал байхгүй тэрбээр хэлж байна.
Сурах бичиг болон дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсаны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг хугацаатай эдгээр асуудлыг “Хүүхэд-хэрэглэгч” гэдэг агуулгаар харж, чанартай, боломжит хямд үнээр хүргэх талаар үйлдвэрлэгчид нэгдсэн санал боловсруулж, дахин уулзах чиглэл өглөө.