ОХУ-ын сайд асан Михайл Абизов зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээр дамжуулан төрийн өмчит эрчим хүчний газраас их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон баривчлагдаад байгаа билээ. Тэрээр 2012-2018 оны хооронд Нээлттэй засаглалын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг хашиж байсан юм.

Энэ хэргийн мөрдөн шалгах комиссын олж илрүүлснээр сайд асан Михайл Абизов нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж Новосибирск мужийг эрчим хүчээр хангадаг Сибирийн эрчим хүчний компани болон Бүс нутгийн эрчим хүчний сүлжээнээс 2011 оны дөрөвдүгээр сараас 2014 оны арван нэгдүгээр сарын хооронд их хэмжээний мөнгийг шамшигдуулж оффшор бүс дэх өөрийн компаниудад байршуулж байсан аж.

Энэ нь ойролцоогоор дөрвөн тэрбум рубль буюу 62 сая ам.доллар юм. Түүний хэргийг хэлэлцэх эхний шүүх хурал өнгөрөгч даваа гаригт болсон юм. Шүүхийн шийдвэрээр түүнийг ирэх тавдугаар сарын 25 хүртэл баривчлахаар болсон. Одоогоор ОХУ-ын дээд шүүхээс түүнд 20 жил хүртэлх хорих ял оноохоор төлөвлөөд байна.

Мөн Сибирийн эрчим хүчний компани болон Бүс нутгийн эрчим хүчний сүлжээний өмнөх удирдлагууд болон энэ хэрэгт холбогдолтой өөр хэд хэдэн хүнийг баривчилж, ял эдлүүлэхээр болоод байгаа юм. Харин Михайл Абизовын өмгөөлөгч энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд түүнийг энэ хэрэгт ямар ч буруугүй гэж мэдэгдсэн байна.

Михайл Абизов нь 1990 онд бизнесийн гараагаа эхэлсэн аж. Тэрээр анх Болгар улсаас хүнсний бүтээгдэхүүн импортолдог байсан бөгөөд 2000 оны эхэн үед хэд хэдэн барилга болон эрчим хүчний компаниудыг худалдан авсан байна. Түүний бүх бизнесүүдийг нэгтгэдэг “E4” групп нь Оросод хамгийн томд тооцогдох хувийн хэвшлийн барилга болон эрчим хүчний компани байсан юм. Дэлхийн баячуудыг танилцуулдаг “Forbes” сэтгүүлээс 2014 онд түүний хөрөнгийг нэг тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан аж. Гэвч түүний компани 2016 онд дампуурсан байна.

Мөн тэрээр өмнө нь хэд хэдэн төрийн өмчит эрчим хүчний компаниудад удирдах албан тушаал хашиж байсан аж. Тайлбар Тэрээр улс төрийн хувьд 2008-аас 2012 онд буюу ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг ерөнхийлөгч байх үед нь хамгийн ойрын туслахуудын нэгд тооцогддог байсан аж. Харин Дмитрий Медведев 2012 онд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй эрх мэдлээ солилцож, Ерөнхий сайд болох үед нь түүний Засгийн газарт сайдын албан тушаалыг хаших болсон юм.

Тэрээр 2018 онд сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ч зөвлөхийн хувиар улс төрийн хэрэгт оролцсон хэвээр байсан аж. Михайл Абизов нь баривчлагдахаасаа өмнө Итали болон АНУ-д амьдарч байсан юм. Тэрээр олон жил нөхөрлөсөн хамтран зүтгэгчийнхээ төрсөн өдрийн баярт уригдан Орост буцаж ирсэн бөгөөд түүнийг Москва хотод хувийн онгоцоороо газардах үед нь шууд баривчилсан байна.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд урьдчилан хэлсэн байсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн юм. Тэрээр “Ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийн талаар бүх мэдээлэлтэй танилцсан. Тэрээр энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцоогүй. Мөн Кремлийн зүгээс энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Хамгийн чухал нь мөрдөн шалгах комисс ажлаа сайн хийх хэрэгтэй

. Михайл Абизовыг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л шийдвэрлэнэ” гэсэн байна. Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад нэмж хариулахдаа “Энэ талаар Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев нар юу ярьсныг мэдэхгүй.

Тэд өдөрт хэд хэдэн удаа уулзаж чухал асуудлуудыг хэлэлцдэг. Чухам тэд энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа нь тодорхой бус” гэсэн аж. Харин улс төрийн шинжээчид Михайл Абизовын хэргийг ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Улюкаевын холбогдсон ижил төрлийн хэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Тэд энэ хэргийг Ерөнхий сайд Дмитрий Медведев ирэх 2024 онд дуусгавар болох одоогийн Ерөнхийлөгч Владимир Путиний бүрэн эрх дуусах үед оронд нь ерөнхийлөгч болохоор бэлтгэж байгаа ажлынх нь нэг хэсэг гэж дүгнэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэрээр өөрийг нь тойрон хүрээлж байгаа нэр муутай улстөрчдөөс салах алхам хийж байна гэж хэлж болох аж. Мөн зарим улс төрийн тоймчид үүнийг Дмитрий Медведевийн 2024 оны төлөвлөгөөнд саад хийх гэсэн Ерөнхийлөгч Владимир Путиний ажил ч гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Russiabusinesstoday, Meduza.io, Themoscowtimes, TASS, Itoim.mn

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн