ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар цаг үеийн асуудлаар буюу тодруулбал эрүүдэн шүүлтийн талаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээллийн эхэнд “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2014 онд УИХ-ын есөн гишүүн маш яаралтай горимоор санаачилж татан буулгасан. Энэ үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авсан. Татан буугдсан алба үнэхээр шударга ажиллаж байсан. Эрүү шүүлт их багассан байсан. Яах гэж тэр албыг татан буулгасан юм бол гэж би их гайхдаг юм.
МУ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээнэ гэж заасан. Тэгвэл эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх алба байгуулах ёстой.
С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх явцад 2015 онд хэрэгт холбогдсон хүмүүс хориход орсон өдрөөс эхлээд гомдол ирүүлсэн. Бидэнд маш олон газарт хандсан бичгүүд байгаа. Харамсалтай нь маш нууцын зэрэглэлтэй байж байгаа. Ийм эрүү шүүлт тулгасан байна, эргэлт уулзалт өгөхгүй байна, эрүүл мэндийн асуудал ийм байна гээд тухайн үеийн ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, ШШГЕГ-ын дарга нарт бүгдэд нь хандсан. Эрүүдэн шүүлт бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бидэнд байхгүй. Манай хуулинд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авч болохгүй гээд заачихсан байдаг юм. Бид дүн шинжилгээ хийж ийм юм болж байна шүү, анхаараарай гэдгийг холбогдох албан тушаалтанд хэлж байсан. Нийслэлийн прокурор Амгаланбаатар гэдэг хүний нэг гарын үсэгтэй ганцхан бичиг л ирүүлсэн.
Одоо суманд, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагаанд ийм юм зөндөө болж байгаа шүү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д Мөрдөгч мэдүүлэг авах гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулна гэж заасан. Энэ заалтыг эсрэгээр нь хэрэглэж байгаа. Манайд ирж байгаа гомдлуудаас харахад, чи хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь, ээжийг чинь авчирч хорино шүү гэж хамгийн эмзэг хүмүүс рүү нь дайрдаг. Бид байнга л ярьж байсан.
ХЭҮК 2011 оноос эхлээд мөрдөн шалгах ажиллагааг сүүлд нь шалгахад баримттай байхын тулд камертай, дуу бичдэг өрөөтэй болгохоор хөөцөлдсөөр 2012 онд нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын төвд 461-р хорих ангид ийм өрөөнүүдтэй болсон.
Шинэ хуулийн 25.1.2-т мөрдөгч мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд мэдүүлэг авах тухай заасан. Энэ дагуу УЕП-ын тушаал гарсан. Энэ өрөө нь дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг мэдүүлэг өгөх гэж байгаа хүнийг бүтэн харуулах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөн нь бичлэгийн төхөөрөмжийн харах өнцгийг хаахгүй байдлаар суурилуулна. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн хэмжээгээр нь тусгах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулж болно гэсэн заалттай.
Тэгэхээр үүнээс гадуур байвал эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ. Харамсалтай нь энэ ажил орон нутагт хэрэгжихгүй байгаа” гэж ярьлаа.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Камеруудын бичлэгт эрүүдэн шүүсэн байдал үлдсэн байлаа гэхэд тэр бичлэгийг комисс үзэх эрхтэй юү?
-Тэр бичлэгийг холбогдох газрууд нь хараад үнэхээр эрүүдэн шүүсэн үү, үгүй юу гэдгийг шалгана. Бид нар үзээгүй байна. Ерөнхийдөө ойлгомжтой. Бид тиймэрхүү юм зөндөө л харж сонсож байсан. С.Зориг агсны хэргийг мөрдөж байсан бичлэг ил боллоо, гишүүд дуу алдаад л байна. Энэ чинь камертай болсны ач буян байхгүй юу.
-Өмнө нь ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж эрүүдэн шүүх сандал оруулж ирсэн тухай асуудал бий. Энэ сандлууд хорих ангиудад байгаа юу?
-Тэр сандлууд одоо ашиглагдахгүй байгаа.
-Прокурорын мөрдөн байцаах алба гэж байх үед эрүү шүүлт бараг байхгүй байсан гэлээ.
-Ямар ч байсан шалгадаг байсан. Айхгүй ч гэсэн аягүй байсан. Болгоомжтой ханддаг байсан. Одоо бол тийм биш болсон. Засгийн газарт өгсөн хараат бус байгууллагаа байгуул гэсэн зөвлөмж хүртэл НҮБ-аас өгсөн, байгуулаагүй л явж байна.
-Энэ хэрэг маш нууц байлаа ч яагаад тухайн хүмүүсийг хүн гэдэг утгаар нь хараад ХҮЭК хүний эрх зөрчигдөж байна гэдгийг олон нийтэд хэлж чадаагүй юм бэ?
-Та уучлаарай, маш нууцын зэрэглэлтэй гээд бидэнд ирүүлчихсэн юмыг тэгээд зарлачихаж болох уу. Тэгсэн бол яах байсныг та нар мэдэж байгаа шд.
-Магадгүй энэ нөхцөл байдлаар хүний амь нас хохирсон бол яах вэ?
-ХЭҮК хариуцсан албан тушаалтанд нь л асуудлыг ханддаг. Удаа дараа хандаж, маш олон бичиг явж байсан. Харин 2016 оны зургадугаар сарын 28-нд Амгаланбаатар гэдэг хүний гарын үсэгтэй ганц хариу ирж байсан.
-Тэр хүмүүс амьд байгаа учраас эрхийг нь хамгаалах тухай яригдаж байна. Магадгүй эрүүдэн шүүлгээд амиа алдсан бол яах вэ?
-Амиа алдсан байвал яахыг би мэдэхгүй. Харин цаазаар авах ялыг халсны хүчинд тэр хүмүүс амьд байгаа шүү. Магадгүй цаазын ял байсан бол эрчүүд нь цаазаар авахуулсан байхыг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүнийг цаазалдаггүй.
-Сүүлийн үеийн илтгэлүүд дээр эрүү шүүлттэй холбоотой баримт фактууд байгаа гэж байна. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн гишүүн тодруулга авсан уу. Илтгэлүүдийг гишүүд сонсох төдийд л өнгөрдөг биз дээ?
-Бид гишүүдийг яах юм бэ? Тэр битгий хэл нэг юм хэлэхээр үүнээс өөр юм хийдэг юм уу гэдэг. Би энд ажиллаж байгаа ажилтнуудаа харин тиймэрхүү доромжлолд өртүүлэхгүй шүү.