Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь зэрэг дөрвөн аймагт боловсрол, эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр /2019.3.27/ гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд “Баян-Өлгий аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн засварын ажил” төсөл, “Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн өргөтгөлийн ажил” төсөл, “Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засвар” төсөл, “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засвар” төсөл зэргийг энэ жил хэрэгжүүлэх юм байна.
Дээрх дөрвөн төсөлд нийт 310 мянган ам.доллар буюу 796 сая төгрөг зарцуулж байгаа аж. Мөн тус төсөл нь өнгөрсөн он буюу 2018 онд хэрэгжүүлэх төслийн 19 дэх төсөл болж байгаа юм байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлж буй 19 төсөлд нэг сая 299 мянган ам.доллар буюу гурван тэрбум 237 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Түүнчлэн “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 оноо хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 542 төсөл хэрэгжүүлээд байгаа юм байна.
Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко “Би “Өвсний үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурах үйл ажиллагааг аль болох тухайн орон нутагт нь явуулахыг хичээдэг. Учир нь, орон нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг өөрийн нүдээр харахыг хичээдэг юм. Энэ утгаараа Монгол Улсад суугаа Элчин сайдууд дундаас Монголын цэцэрлэг, сургуулиар явсан тоогоороо хэнд ч гүйцэгдэхээргүй болж байна. Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар, Баянхонгор аймгуудаар явж ирснээр Монголын 21 аймагт очиж үзээд байна. Энэ удаад дээр дурдсан аймгууд руу явах боломжгүй болсон тул хотод энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Японд санхүүгийн жил гэж нэгэн ойлголт байдаг. Японы 2018 оны санхүүгийн жил гуравдугаар сарын 31- дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болж байгаа юм. Тиймээс энэ сард багтаан гарын үсэг зурахаар болсон нь энэ юм” гэлээ.