Монгол моодонд орж, ёстой л монос цэцэглэх цагаар АН төрийн эрхэнд гарсан. Гадна, дотноос босгосон хөрөнгөөрөө үе үеийн Засгийн газруудаас хамгийн баян нь гэх тодотголыг ч зүгээд амжсан нь ч бий. Харамсалтай нь, гуравхан жилийн дотор Монгол модоо барьж, эдийн засаг нь сэхэл авахгүй болтол нь хүнд цохилтод оруулж, өөрсдийнхөө халаасыг түнтийлгээд буух нь тэр. Монголыг самрах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн З.Энхболд тэргүүтэй “Шонхор”-чууд АН-ыг агнах ажиллагаагаа хуваарийн дагуу гүйцэтгэж яваа бололтой.
Нэн тэргүүний зорилт нь, шинэчлэлийн хувьсгал хийж “Шонхор”-чуудыг дүүлүүлэх байв. Энэ нь ч дээд, доод шатандаа амжилттай хэрэгжсэн. Өнгө, мөнгөний дэнчин тавьж, дээд, доод зиндааны эрэмбэ тогтоож фракцийнхныхаа зам мөрийг зассаныг нь тус намын гишүүд ам уралдуулан хуучилна. Одоо З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хувийн компани шахуу болсон намаасаа “Алтангадас” тэргүүтэй хэдэн фракциа шахаж байна. Магадгүй ингэж хашааны гадна гаргаснаар фракцигүй нам боллоо гэж тунхаглах биз.
Үүнээс урьтаж Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэн нэр дэвших вэ гэдгээс эл намын цаашдын хувь заяа тодорно. Зүй нь Төрийн тэргүүний сунгаанд нэр дэвшихээ илэрхийлсэн олон хүн эл намд бий. Нэр дэвшигчийг ирэх сарын 2-н буюу найм хоногийн дараа гэхэд тодруулах учиртай. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй л бол Н.Алтанхуягтай хүзүү сээрээ холбоход бэлэн байгаа хүн нь Монгол Улсын баатар Э.Бат-Үүл. Н.Энхбаяртай хоршлоо хэмээн хорсож Ерөнхий сайдаас нь унагахад багагүй хор найруулж гүйснийг нь хэн хүнгүй мэднэ.
Гэхдээ улс төрд мөнхийн найз гэж байдаггүй мөнхийн эрх ашиг байдаг гэсэн биз дээ. Ямартаа л мань хүн “Шонхор”-ынхны хараанд өртөж чадалгүй хоцорвол Н.Алтанхуягтай нийлж, хашаагаа ч эвдэж мэдэхээр уурсаж яваа аж. Тэдэнтэй үзэл бодол нийлж, санаагаа нэгтгэхээр Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, М.Батчимэг тэргүүтэй намын залуус ч уулзалдсан гэх явган яриа бий.
Тэднийг нэг зүгт харахад нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын гавьяаг чамлахааргүй гэх юм билээ. Хамгийн сүүлд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ зарласан мань эр сүүлийн хэдэн жил Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар ажилласан. Хачирхалтай нь мань хүн эдгээр албан тушаалд очихтой зэрэгцэн намынхан нь нэг нэгээрээ, зарим үед олноороо хуулийн байгууллагынхны хараанд өртөж, аавын хаалга хүртэл татсан түүхийг үгүйсгэхийн аргагүй.
Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч байв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байранд улсын Ерөнхий прокурорын газрыг оруулна гэж тохирсон байснаасаа эрхэм сайд нар буцсан учраас ийн өргөдөл гаргасан тухай тайлбарлаж байлаа.
Түүнээс хойш Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэл бүрийг Д.Дорлигжав гишгэлж, ул мөрийг нь нэг бүрчлэн шалгаж, Авлигатай тэмцэх газарт өгсөн тохиолдол ч бий. Мөн Д.Дорлигжавын дээрх албан тушаалдаа тухлаж байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн хүү Дэнзэнгийн хэрэг дэгдэж, аавын хаалга татсанаар өндөрлөсөн юм даг. Мэдээж Л.Гансүх, Я.Батсуурь тэргүүтэй эрхмүүд ч энэ халдлагад өртсөн.
Уг нь 2012 оны сонгуулийн өмнө өрсөлдөгч намынхнаа хуулийн байгууллагаа сүрдүүлж, нэр дэвших эрхийг нь хасуулах байдлаар намынхандаа тусалж байсан бол мань эр сөргүүлээд эл аргаа нөхөддөө хэрэглэж эхэлсэн тухай шивэр авир хийх нь олонтаа. Тиймдээ ч намынхан нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлахад нь эгдүүцэж эхэлсэн аж.
Үнэндээ ч сонгуулийн одгүй түүнийг дэмжиж, дэвшүүлэх боломж үнэндээ хомс. Нутгийнхныхаа дэмжлэгийг ч хүлээж чадаагүй түүнд нийтийн олонх саналаа өгөх нь юу л бол. Тийм атал “Шонхор”-ынхны дэмжлэгээр, дээр нь хуулийн салбар дахь танилынхаа хэлхээгээр хонгил үүсгэж нэр дэвших магадлал их л гэх юм билээ. Энэ бүхний эцэст АН амаа барьж, амиа алдахад хүрч байгаа нь З.Энхболд тэргүүтэй, С.Эрдэнэ удаатай, Х.Баттулга улаачтай удирдлагын үед л ирэх байх даа. Аягүйдвэл таван нам болоод салж бас мэдэх юм.
Эх сурвалж: Э.ЖАРГАЛМАА
6 comments
Сонгуульд өгөх тэрбум төгрөг чинь ард түмний мөнгө шүү. Луйварчдынх биш.
АН-аас Дорлигжав л арай юм хийхээр санаачилхаар харагдаад байгаа гараад ирээсэй.
Хэнийг дэвшүүлэхээ намыхан нь яаж шийдэх юм болдоо Дорлигжав гараад ирвэл ч үндсэн хуулийн бодлогын талаар их дажгүй юм ярьж байгаа харагдсан.
АН бүх гишүүдээс санал асууна гээд байсан одоо болиод зөвлөлдөх хороо 2 хүн гаргаж ирнэ нтр гээл балайраад байсан. Дорлигжав гараад ирээсэй.
Яасан ч айхтар гарчиг вэ дээ? АН бол том нам цаагуураа маш өндөр хэмжээний бодлого судалгаа байгаа шүүдэ. Би бол хувьдаа Дорлигжавын хийсэн ажилуудыг хүндэлдэг дэмждэг учираас гараад ирээсэй гэж бодож байна.
АН-с арай дөнгүүр бодол санаатай, сүүлд тэр ерөнхийлөгчийн засаглал энэ тэрийн талаар ярилцлагийг хархад бол нэр дэвшүүлчихээр л харагдсан.