Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй хавсарсан гэмтэлтэй байсан бөгөөд гэмтлээ даахгүй нас барсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө.
Тодруулбал, өндрөөс үсэрсэн 17 настай А гэгч жирэмсэн эмэгтэй өчигдөр зургаан давхраас унаж байсныг цагдаа аварсан мэдээлэл цацагдсан. Гэвч, тэрээр өнөө өглөөний 07.00 цагийн орчимд амьсгал хураасан ажээ. Бүсгүй өчигдөр оройн 01.10 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ГССҮТ-д хүргэгдсэн иржээ..
Улмаар нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан гэмтэлтэй байсан тул гэмтлээ даалгүй нас барсан байна. Хэргийг сануулахад, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ.
Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган амийг нь аварч эмч нарт хүлээлгэн өгсөн юм.