Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн “ITM 2019” энэ сарын 29-31-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд ХХ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулна.
Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус болон хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад ажилд орох, дадлага хийх боломжтой.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Аялал Жуулчлалын Холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, албан ёсны түнш Увс аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Туркиш Эйрлайнс ХХК ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7820 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.