Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 5-нд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэний нийгэм, иргэдийг хамруулсан уг жагсаалаараа АН дараах гурван асуудлаар эрх баригч намд шаардлага тавих аж.
2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон 60 тэрбумтай холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэн жагсах аж. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсон тул улс орны тулгамдсан асуудлыг анхаарлын төвд аваачиж, хариуцлага нэхэхийн тулд жагсахаас өөр аргагүй гэдгээ энэ үеэр хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн гурван жилд МАН амлалтаа биелүүлэх биш дотоод зөрчлөө хэлэлцээд дууссан бөгөөд улс орны эдийн засгийг хөгжүүлэх урагш харсан дорвитой бодлого хэрэгжүүлээгүй. Эдийн засаг өсөлттэй байсан нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, гадаад зах зээлийн таатай нөхцөлтэй л холбоотой.
МАН сонгуульд гарч ирэхдээ “Гэдсэнд байгаа хүүхэд тань ч 15 сая төгрөгийн өртэй” хэмээн иргэдийг айлгаж гарч ирсэн. Гэтэл нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй хэрнээ өнөөдөр нэг хүнд ногдох өр 23.3 сая төгрөгт хүрлээ. Өр төлбөр бараг төлөгдөөгүй байхад 4.4 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн.
Татвар нэмэхгүй гэж амалчихаад нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүргийн ИТХ газрын төлбөрийн хэмжээг байнга нэмж, шат шатандаа иргэдийн халаасыг суйлж байна. Тиймээс дараагийн сонгууль хүртэлх үлдсэн нэг жилд ард түмний орлого, эдийн засгийн өсөлтийг бодитой бий болгосон бодлого явуулах ёстой” гэлээ.
Мөн Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай илэрхийлээд “ШХАБ-т элсэхийг дэмжсэн байр суурь илэрхийлсэн хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй яагаад ч юм давхцаж байгаа нь хардлага төрүүлж байна. ШХАБ-т элсэхийг АН зөвшөөрөхгүй” гэв.
Эх сурвалж: Ikon.mn