УИХ-ын өчигдрийн ээлжит бус чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагааг дэмжихдээ
Нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар
1,000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ.
Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон найруулгын шинжтэй засвар өөрчлөлтийг нэмж тусгасан байна. Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг хөнгөлөх саналыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ.
Түүний дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөх гэсэн санал гаргасан байна. Дээрх саналыг нэмж тусгахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн эдгээр саналыг дэмжсэн бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
За тэгж байгаад асгатын мөнгөний ордыг ч юмуу татвараас 90% чөлөөлөх хуулийн чөлөөгөө бэлдэж байна уу гүй юу.