Засгийн газар 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг өнөөдөр (2019.03.22) Эдийн засгийн байнгын хороо зөвшилцөв.
Төслийн хүрээнд 10.000 өрхийн орон сууцыг барих бөгөөд гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай болгох аж. Төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. Мөн Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ.
Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү 0.25, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл болохыг Сангийн сайд танилцуулав.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 10.000 орон сууцны 50 хувийг нийслэлд, үлдсэн 50 хувийг 10 аймагт барьж байгуулах нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт иргэдийг суурьшихад дэмжлэг болох чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх зорилго бүхий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бусад төсөл, хөтөлбөрүүдтэй энэхүү төсөл уялдан төлөвлөгдсөн гэнэ.
Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000 гэх байршлуудад өмнө нь дэд бүтцийг байгуулсан бөгөөд эдгээрт тулгуурлан орон сууцны барилга, байгууламжууд барихаар үргэлжилж буй аж. Тодруулбал, Баянхошуу дэд төвийн баруун талд 5.1 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 495 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхрын барилга хэлбэрээр барьж байгуулах бол 4170 м.кв нарны зай хураагуурын хавтантай, 4450 м.кв цэцэрлэгт хүрээлэнтэй, 8500 м.кв нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 2130 м.кв үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ.
Сэлбэ төвийн зүүн хэсгийн 6.4 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэх санхүүжилтийг мөн дээрх төслөөс шийдвэрлэх аж. Тус хороололд 584 өрхийн орон сууцыг амины орон сууц (таун хаус) буюу нам давхрын барилга хэлбэрээр барьж байгуулж, 4000 м.кв нарны зай хураагуурын хавтан, 3500 м.кв цэцэрлэгт хүрээлэнтэй, 13.500 м.кв нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбайтай, 5800 м.кв үйлчилгээний байгууллагууд, авто зогсоолын барилга, байгууламж байхаар төлөвлөөд байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд төслийн хүрээнд баригдах орон сууцыг худалдаалах өртгийг тодруулав. Тэрбээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээлийг авах нь зүйтэй хэдий ч үр ашгийг нь иргэдэд, зорилтот үйл ажиллагаандаа өндөр үр дүнтэй байхаар зарцуулдаггүй, барилгын бизнесийг дэмжээд авилгал, газрын хөөрөгдсөн үнэ зэргийг шингээсээр хэт өндөр үнэ бүхий орон сууц болох эрсдэл бий гэдгийг шүүмжилж байв.
Одоогоор зураг төсөл, төлөвлөгөө, тооцоолол зэрэг нь урьдчилсан хэлбэрээр бэлтгэгдээд байгаа бөгөөд орон сууцны худалдаалах өртөг м.кв нь 1-1.2 сая төгрөг байх тооцоо байгаа талаар Нийслэлийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлага болон Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд танилцуулсан юм.
Төслийн санхүүжилтээр баригдах 10.000 орон сууцны 15 хувь буюу 1500 орон сууцыг халамжийн зориулалтаар байгуулах бөгөөд суугчид урсгал зардлаа төлөөд амьдрах бол 5500 өрх орлоготой нь дүйцүүлсэн өртгөөр орон сууц худалдан авах бол 3000 орон сууцыг зах зээлийн өртгөөр худалдаалах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа СХДүүргийн I, II хороо буюу Толгойт орчимд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэн бөгөөд дараа дараагийн бүтээн байгуулалтууд тус хороодод хийгдэх мэдээллийг иргэдэд өгсөн тул төсөлд уг бүсийг багтаах саналыг хэлэв.
Дараа нь гишүүд 10.000 өрхийн орон сууцыг дээрх санхүүжилтээр барьж байгуулах “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж буйтай холбогдуулан санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдрийн ярьж буй энэ асуудлыг 2012 онд яриад, тухайн үедээ нийслэлийн удирдлагууд том төлөвлөгөө танилцуулж байсан гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн зураг төслийн тухайд ойролцоо цаг агаар бүхий бусад орнуудын хийж хэрэгжүүлсэн орчин үеийн шийдэл бүхий тухтай, хямд өртөгтэй, дэвшилтэт төслүүдийн загварыг судалж үзэхийг санал болгож байв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ төслийн бүтээн байгуулалтын ажилд дэд бүтэц тэргүүтэй бэлтгэл, суурийг төр бий болгоод, барилга, байгууламжийн ажлуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлийн байгууллагууд хийж гүйцэтгэх нь ажлын байр нэмэгдүүлэх, ажлын бүтээмж өндөр байх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд Нэн таатай нөхцөл бүхий уг зээлийг барилгын салбарын бизнесийг дэмжих байдлаар зарцуулахын оронд шууд иргэдэд олгох нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэг сарын хугацаанд 50 м2 тохь тухтай, иж бүрэн дэд бүтцээ шийдсэн орон сууцыг 45 сая төгрөгөөр барьж байгуулсан загвар бий гэв. Одоогоор 1000 орчим айл энэхүү загварын амины сууцтай болох хүсэлт гаргаад байгаа ч зээлийн асуудал шийдэгдэх боломжгүй учраас гацсан байгаа хэмээн танилцууллаа. Иймд энэ мэтчилэн айл өрхүүд эзэмшлийн газартаа тусгай дэд бүтэц бүхий технологийн дэвшилтэт орчин үеийн сууцыг хямд өртгөөр барьж байгуулахад нь таатай нөхцөл бүхий зээлийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлвэл эрэлт байгаа гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцоотой байх ёстой бөгөөд асуудлыг том зургаар нь харж бодлогын түвшинд хамтран ажиллаж байхыг сануулав. Зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хэрэгжүүлэх төсөл нь нийгмийн чухал ач холбогдолтой учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжих нь лавтай. Төслөө хэрэгжүүлэхдээ дэвшилтэт технологи, хямд өртөг, хялбар шийдлийг тусгах нь зүйтэй бөгөөд хувийн хэвшлийн оролцоог зохих түвшинд хангах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Мөн энэхүү төсөл нь өндөр үр ашиг бүхий бодлогын загвар төсөл болж хэрэгжих ёстой бөгөөд Байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн төлөвлөлт, санхүүжилтийн явц, хэрэгжилт, үр ашгийг хянах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэв.
Ийнхүү Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.