Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр (2019.03.21) сэтгүүлчдэд зарим мэдээллийг өглөө. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор н.Эрдэнэсувд мэдээлэл хийх боломжтой гэсэн зарим иргэдийн талаар мэдээлэл өгөхөө юуны өмнө тайлбарлав.
Тэрээр эхлээд Тавантолгойн асуудлаар товчхон мэдээлэл өглөө. Энэ талаар “Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажилд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөөд шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Уг хэрэгт 2018 онд 2002 оны Эрүүгийн хуулинд 263-р зүйлд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Уг хэрэгт өнгөрсөн сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр байцааж асуусан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулсан юм.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс уран зураг хураасан гэдэг асуудал байна?
-ХУД-ийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс тухайн мэдээллийг тухайн дүүргийн прокурорын байгууллагаас мэдээлэл авах боломжтой.
-Цагдаагийн байгууллагаас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах хүсэлтээ танайд хүргүүлсэн байгаа. Танайх ямар хариу өгсөн бэ?
-Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллароор худалдан авсан асуудлын эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Д.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэсэн гэмт хэрэгт яллагдагдагчаар татах хүсэлт ирүүлсэн. О.Орхон, Б.Эрдэнэбилэг нарыг Банкны чадварыг алдагдуулсан гэсэн тус тус зүйл ангиар яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокуророос хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байгаа. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн гэх 400 сая ам.долларыг хэрэв төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа бас яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогийн байдлаар дээрх хүмүүсийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэсэн асуудлаар шалгаж байгаа учир хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан байгаа.
-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл гарч байна. Тагнуул, ШШГЕГ-ын дөрвөн хүнийг саатуулсан гэсэн. Энэ тал дээр прокурорын байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
-С.Зориг агсны хэрэгт өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр явж байгаа. Хэвлэлээр гараад байгаа хоёр албан тушаалтны хувьд тухайн үед шалгалтыг хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ асуудлын хувьд нууцын зэрэглэлтэй байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Энэ хэрэгт хүмүүсийг яллахад мэдээж прокурор хяналт тавьж ажилласан байгаа. Тэгэхээр прокуророос ч гэсэн хэрэгт татах болов уу?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй шүүгч нарын асуудал яригдаж байгаа. Үүнд хичнээн шүүгч шалгагдаж байгаа вэ?
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн хэрэгт нийт 7 шүүгчийг шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй байна. Харин хоёр шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн асуудал байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн бүрэн эрхэд саад учруулж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагаас ШЕЗ-д саналаа хүргүүлээд хуулийн дагуу түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Энэ нь давуу асуудал болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд холбоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл ангид зааснаар шалгаж байгаа.