Дэлхийн нэр хүнд бүхий “Hamdan” буюу “HIPA” олон улсын гэрэл зургийн уралдаан нь хамгийн том буюу 400.000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн бүх гэрэл зурагчдад нээлттэй, цорын ганц тэмцээн юм. Уг тэмцээнийг дэлхийн нэр хүнд бүхий “Canon”, “Huawei” болон “Philips” брэндүүд ивээн тэтгэдэг аж. Тус тэмцээнийг анх 2015 оноос эхлэн Фазза нэрээр дэлхийд танигдсан Арабын нэгдсэн Эмират улсын ханхүү Шейх Хамдан Бин Рашид Аль Мактум санаачлан зохион байгуулах болсон байна.
Энэхүү олон улсын гэрэл зургийн уралдаан нь өнгөрсөн жил “Итгэл найдвар” сэдвийн доор болж өнгөрсөн байна. Тэмцээний шилдгүүдийг гуравдугаар сарын 12-нд зарласан бөгөөд Малайзын гэрэл зурагчин Эдвин Онг Ви Кэгийн Вьетнам улсад авсан “хүмүүнлэгийн мөч” хэмээх энэхүү эгэл жирийн ээж хоёр хүүхэдтэйгээ явж буй гэрэл зураг тэргүүн байрыг эзэлж 168.000 ам.долларын шагналыг хүртжээ. Уг бүтээл нь “Палестины дүрвэгчдийн эрх” болон “Монголын бүргэдийн анчид” гэх бүтээлүүдтэй ширүүн өрсөлдөж тэргүүн байрыг эзэлсэн байна.
Гэвч “хүмүүнлэгийн мөч” бүтээл бий болсон, тухайн агшинг харуулсан гэрэл зураг цахим орчинд тархсанаар уралдааныг зохион байгуулагчдад тэргүүн байрын шагналыг хураан авч дараагийн байр эзэлсэн бүтээлд шилжүүлэн олгох ёстой гэсэн шүүмжлэл гарч эхлээд байгаа юм. Учир нь тэмцээний дүрмийн дагуу уралдаанд оролцогч бүтээл нь ямар нэгэн зохиомол тавилтгүй бодит зураг байх ёстой аж. Мөн Малайзын гэрэл зурагчин уралдаанд ирүүлсэн бүтээлийн тайлбартаа “Ядарч туйлдсан Вьетнам ээж хүүхдүүдээсээ итгэл найдварыг авч, ахин босож зогсохоор хүчээ нөөж байна” гэж бичсэн байна.
Гэтэл үнэн хэрэгтээ тус Вьетнам эмэгтэй нь Хятадын уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн эмч аж. Харин Эдвин Онг Ви Кэ нь өөрийн бүтээлээ аяллын үеэр санамсаргүй байдлаар авсан гэж тайлбарласан байна. Тус уралдаанд оролцогчид хар-цагаан болон өнгөт гэсэн үндсэн хоёр төрөлд гэрэл зургаа илгээдэг байна. Тэмцээнд оролцуулахаар илгээх бүтээл нь бодит түүх өгүүлсэн байх үндсэн шаардлагатай.
Гэрэл зураг нь “JPEG” өргөтгөлтэй, өндөр чанар бүхий хамгийн багадаа таван мегабайтын хэмжээтэй, 2.000-аас илүүгүй нягтшилтай, чанарын хувьд 300DPI-аас дээшгүй байх шаардлагатай юм. Үүний дээр тухайн гэрэл зургийн засвар хийгдээгүй эх хувийг нь давхар хавсарган илгээх ёстой аж. Мөн шилдэг дүрс бичлэг шалгаруулах уралдаан явагддаг бөгөөд илгээх бүтээл нь бүх төрлийн “Drone” болон камер ашиглан бүтсэн байж болно.
Шаардлагын хувьд хамгийн багадаа гурван минут дээд тал нь таван минутын үргэлжлэх хугацаатай. Мөн тухайн бүтээлд дор хаяж 30 секундийн агаарын бичлэг багтсан байх шаардлагатай. Чанарын хувьд хамгийн багадаа “Full HD” хамгийн дээд тал нь “4K HD” байх шаардлагыг хангасан байх ёстой. Уралдаанд бүтээлээ илгээгчид нь өөрсдийн хувийн мэдээллийг үнэн зөв оруулах бөгөөд тэмцээний дүрэм журамд захирагдаж аливаа улс үндэстэн болон соёл заншлийг илтэд гутаан доромжлохгүй.
Ямар нэгэн улс төр, бизнесийн агуулга бүхий утга илэрхийлэхгүй байх ёстой. Мөн бүтээлүүдэд тухайн гэрэл зурагчин, агентлаг болон ямар нэгэн байгууллагын тамга, логог байршуулахыг хориглох шаардлага тавьдаг аж.
“Hamdan” олон улсын гэрэл зургийн уралдаанд бүртгүүлэх холбоос: https://members.hipa.ae/Account/
Register Шилдэг зургуудыг доор хавсаргав.
Эх сурвалж: News.com/au, HIPA.ae