Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр (2019.03.19) албан тушаалаасаа огцорч байгааг телевизээр ард түмэндээ хандаж зарлав.
Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байгаа юм.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан тусгаар тогтносноос хойш 28 жил тасралтгүй тус улсыг удирдаж байгаа Нурсултан Назарбаев огцрох гэж буйгаа товчхон ойлгуулсан “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” хэмээн хэлжээ.
Казахстаны Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна.
Назарбаев Зөвлөлт Холбоот Улсыг задрахаас өмнө Казахстаныг тэргүүлж, шилжилтийн хүнд жилүүдэд Казахстанд томоохон шинэчлэл хийж, Пакистан, Афганистантай андуурдаг байсан их гүрний хэлтэрхийг бүрэн бүтэн, нэр төртэй улс болгосон Төрийн тэргүүн гэж улс төр судлаачид тэмдэглэдэг.
Түүнийг Төрийн тэргүүнээр ажилласанаас хойш, хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнд тус улсад дайн байлдаан, төрийн эргэлт гараагүй Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан цорын ганц Бүгд Найрамдах улс болсон. Казахстаны өнөөгийн хөгжлийн автор нь яах аргагүй Нурсултан Назарбаев гэгддэг.
Түүний хувьд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохоос хэдэн сарын өмнө албан тушаалаа өгч байна. Гэхдээ улс орноо удирдах ажлаасаа явах болоогүй. Учир нь тэрбээр Улсын аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, “Нур Отан” намын удирдагчийн хувьд улс орныхоо улс төрийн системийг хадгалж үлдэнэ гэж шинжээчид тэмдэглэжээ.
Энэ удаа Назарбаев Төв Азийн бүхий л уламжлалыг эвдэж, сайн дураараа албан тушаалаа орхиж байгаа юм. Тэрбээр энэ асуудалд эртнээс нарийн бэлтгэсэн нь илт байна гэж шинжээчид үзэж байна.
Казахстаны Үндсэн хуульд зааснаар дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл төрийн тэргүүний үүргийг парламентын дарга хашдаг байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болно.